Тайгаас гарсан Эвэнкчүүдын шинэ амьдрал
2020-08-06 09:10:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ   Синьхуа агентлагийн сурвалжлагч Жан Хун, Жан Лина, Ань Лүмэн, Шүй Жуан

Дэлгэр зуны улиралд Их Хянган давааны элгэнд өвс мод багшран ургажээ. Өтгөн хөх нарс, цагаан хусны дунд хоёр давхар хүрэн модон байшин жигдрэн харагдана. Байшингийн гадна настайчууд тайвуухан цай ууцгааж, байшинд бүсгүйчүүд талх шарж, бугын арьсан зураг урлана ... Энэ бол Өвөр монголын Олгуягийн Эвэнк үндэстний шянгийн анчдын шинэ орон сууц юм.

ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Гэгээнгол хотын Олгуягийн Эвэнк үндэстний шянгийн зураг \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Хэ Шүчэнь \

Экологиос шалтгаалсан нүүлгэн шилжүүлэлтийн бодлого хэрэгжилтийн дүнд, Эвэнкчүүд уулнаас бууж суурьшин, орчин үеийн маягаар аж төрөх болж, түүхэн үсрэлт хийжээ.

Эртний ан агнуураасаа аялал жуулчлалд шилжиж, тусгаарлагдмал байснаасаа соёлын солилцоо хийх болсон Эвэнкчүүдийн лут их өөрчлөлт хувиралт нь олон үндэстний хамтдаа урагшлах замналын багасгасан тусгал болж, чинээлэг нийгэм зүг урагшлах замд гялалзсан хуудсыг бичиглэв.

Тайгаас гарч шинэ амьдралыг угтан авсан нь

“Эвэнк” гэдэг нь “Ой тайгад суудаг хүмүүс” гэсэн утгатай. Эвэнкчүүд бол Хятадын хүн ам харьцангуй цөөн үндэстний нэг бөгөөд нийт 40 мянга хүрэхгүй хүн амтай, голцуу Солон, Түнгүс, Олгуя гэсэн гурван ястнаар бүрддэг.

Үүнд хамгийн онцлогтой Олгуя Эвэнкчүүд Гэгээнгол хотын Олгуягийн Эвэнк үндэстний шянд оршин сууж байна. Урт хугацааны турш Их Хянган давааны балар тайгад үе улиран ан гөрөө хийж амьдарсан тэднийг “Хятадын сүүлчийн анчин угсаа” гэдэг. БНХАУ байгуулагдахаас өмнө, Олгуя Эвэнкчүүд эртний үйлдвэрлэл амьдралын хэлбэрээ бүрэн хадгалж, ангийн мах идэж, ангийн арьс өмсөж, модны мөчир, хусны үйсээр босгосон урцад амьдарч, гаднах ертөнцөөс тусгаарлагдмал байдалтай байжээ.

Энэ жил 79 настай Нихао настан тэр үеийн амьдралаа дурсаж Эвэнкээр хэлэхдээ: ууланд сууж байх үед хүнс тасрах явдал зөндөө тохиолддог, өвөл цаг дотуур өмд ч алга байдаг шүү гэжээ.

1958 онд, Нам болон Засгийн газрын халамжаар, анхдагч Эвэнк шян Өргөнөө хотод байгуулагдаж, анчдын амьдрал орчин үетэй холбогдож эхэлжээ.

Орчин үеийн соёл иргэншлийн түрэлт, экологийн орчин нөхцөлийн өөрчлөлтөөс шалтгаалан, Эвэнк анчдын олон жил баримталсан нүүдэл агнуурын хэлбэр цагийн аястай хөл нийлүүлж чадашгүй болов.

“Зөвхөн уулнаас бууж суурьшвал сая шинэ хөгжлийн хэлбэрт шилжиж, угсаа үндэстнээ хөгжүүлэн хүчирхэгжүүлж чадна” гэж Олгуягийн Эвэнк үндэстний шянгийн дарга Жан Ваньжюнь хуучилж байлаа.

2003 онд, Гэгээнгол хот экологиос шалтгаалсан нүүлгэн шилжүүлэлтийн бодлого хэрэгжүүлж, Эвэнк анчдын оршин суух газрыг өмнөш Гэгээнгол хотын ойролцоо шилжүүлжээ.

Улмаар 62 өрхийн 200 гаруй анчин тайгаасаа салж, шинэ орон сууцад шилжэв. Тэднийг тус тусдаа барьсан нэгдсэн дулаалга, гал тогоонд ашиглах шингэрүүлсэн хий бүхий хоёр давхар модон байшин угтан авчээ.

Уулнаас буусан анчдын амьдралыг тогтворжуулах үүднээс, засгийн газраас өдий төдий дэмжих бодлого хэрэгжүүлэв. Ялангуяа ХКН-ын XVIII хурлаас хойш, олон шат, салбарынхан Эвэнкчүүдийн хоол хүнс, сургуульд орох, замнах, оршин суух, эмчид үзүүлэх зэрэг талд оршиж буй асуудлуудыг шийдэж, үйлдвэрлэлийг нээн хөгжүүлж ядуурлыг бууруулахаар хүчин чармайжээ.

“Уулнаас буусны дараах амьдрал санаанд багтамгүй сайхан байлаа, шинэ орон сууцыг төрөөс барьж өгсөн, дулаалга, ундны ус үнэгүй, зам тээвэр дөхөм, хүүхдүүд сургуульд орох, настайчууд эмчид үзүүлэхэд төхөм, мөн хотоос ойрхон болсноос ажил олголтын боломж өргөжиж, өрх болгоны орлого нэмэгдэж, хувийн машинтай болцгоосон”гэж Эвэнк охин Фань Сүө сэтгэл хангалуун ярьсан юм.

БНХАУ байгуулагдсан эхний үед Эвэнкчүүдийн дундаж наслалт 43 байсан бол өнөөгийн байдлаар 75 болж, 80-аас дээш настай хүмүүс 100 гаруй байгаа аж. Хоёр дахь хүүхдээ өлгийдсөн үндэстний гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүрийн эзэгтэй Сүө Юнь “Бид өнөөдөр бие эрүүл, дутах зүйлгүй, чинээлэг амьдарч байна” гэж ярьж байлаа.

Ногоон хөгжил зүг шилжилж шинэ боломжийг угтан авсан нь

Урьд цагт Эвэнкчүүд ангийн арьс ширээр хийсэн зүйлээрээ эд юмс солин авдаг байсан бол өдгөө интернет борлуулалт, цахимаар тооцоо хийх тохиолдол ч жирийн явдал болжээ. Мөн зарим авхаалж самбаатай Эвэнкчүүд бизнес эрхэлж, олон хүн “захирал” болцгоожээ.

Сингапур улсад суралцаад улсдаа буцаж ирсэн Эвэнк залуу Нуур том хотын өндөр цалинтай ажлын байраа орхиж төрсөн нутаг Эвэнк үндэстний өөртөө засах хошуундаа буцжээ. Өнөөгийн байдлаар, тэрээр жилд 400 мянган юаний орлоготой байсан малчдын хоршоололоо жилд 10 сая гаруй юаний орлоготой ферм, аялал жуулчлалын аж ахуйн нэгж болгон хөгжүүлсэн байна.

Экологийн өвөрмөц давуу тал, соёлын онцлогтоо тулгуурлан цөөн бус Эвэнкчүүд аялал жуулчлалын салбарт хүч үзэж, эртний үндэстний амьдралаасаа ногоон хөгжил зүг шилжих алхмыг хийцгээж байна.

Гэгээнгол хотын Ү Ли Кү Ма ойн аж ахуйн нарсан төгөлд, зуны нар ногоон навчсын сиймхийгээр тусч, газарт цоохортох сүүдэрт нь Эвэнк залуу Гү Мү Сэнь утаа тавьж, бугын ойролцоох ялаа шумуулыг үлдэж байлаа.

Энэ нь Гү Мү Сэний эрхэлсэн ойн дундах буга малжих цэг аж. Өнгөрснөөс ялгагдах зүйл гэвэл, өнөөгийн буга малжих цэг нь аялал жуулчлалын үзэмжит цэгийн үүргийг давхар гүйцэтгэжээ. Өдгөө яг аялал жуулчлалын таатай улирал болохоор өдөрт хэд хэдэн жуулчдын автобус хүрч ирж байна. Гү Мү Сэнь хэлэхдээ “Билет, бугын цусан эвэр, гар урлалын бүтээгдэхүүнээ зараад өдөрт 1000 гаруй юань олдог” гэв.

“Уулнаас гарч ирсний дараа, маш олон хүн Эвэнкчүүд буга малжих аргагүй болсон гэж санааширч байсан” гэж Гэгээнгол хотын Ухуулах хэлтсийн дэд дарга Юй Лань ярив. Анчдын үйлдвэрлэл амьдралын хэлбэрийг шилжүүлэх үүднээс Гэгээнгол хотоос 100 сая гаруй юаний хөрөнгө зарцуулж, буга малжих соёл, байгаль орчны өвөрмөц нөхцөлдөө тулгуурласан аялал жуулчлалын салбарыг бүх хүчээр хөгжүүлжээ.

Өнөөдөр Олгуягийн Эвэнк үндэстний шянгийн аялал жуулчлалын нэр алдар мандаж, жуулчид цуваа тасралтгүй үргэлжилсээр байна.

Гү Мү Сэньтэй адил олон тооны залуучууд уулан нутагтаа буцаж, буга малжиж байна. Олгуячууд суурьшихаас өмнө 100 гаруй бугатай байсан бол өдгөө 1000 гаруй бугатай болж, буга малжих цэг нь 6 байснаасаа 14 болон өргөжжээ.

Өдгөө засгийн газраас анчидад буга малжих газар гарган өгч, майхан буюу хоноглох машинаар хангаснаас нүүж буухад хялбар болж, машинд нарны хавтан угсарснаас хөлдөөгч хэрэглэж, зурагт үзэж чаддаг. Мөн шянгаас ууланд тогтмол хугацаанд хүнсний ногоо, ахуйн хэрэглээний зүйлсийг хүргэж өгдөг.

Аялал жуулчлалын салбарт тулгуурлан, цөөн бус анчид уулын бэл дэх суурьшилдаа бугын гаралтай бүтээгдэхүүний дэлгүүр, гэр бүлийн хоног буудал зэргийг эрхэлж, жилд дажгүй орлого олж байна. Статистикт харуулснаар, Эвэнк анчдын хүн дунджийн орлого 2005 онд 1277 юань байснаасаа одоо 20 мянга орчим юаньд хүрчээ.

Юй Лань үзлээр бол авын буугаа орхиж аялал жуулчлал эрхэлснээс Эвэнк анчид амжилттай шилжилтийг биелүүлжээ. Буга маллын нэр алдар, соёлын өвөрмөц онцлогт тулгуурласан аялал жуулчлалын салбар нь чухал тулгуур салбар болж, Эвэнкчүүдийн бүх талын чинээлэг замд шинэ эрч хүч олгосон байна.

Соёлоо уламжилж мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн шинэ замнал

Энэ оны 7-р сард Олгуя нутгийн Эвэнк охин Ли Зышинь их сургуульд элсүүлэх шалгалтад 584 оноо олж, нутгийнхаа “түрүү магнай” болжээ.

“Би Хятадын ХАА-ын их сургууль буюу Хятадын хэвлэл мэдээллийн их сургуульд элсүүлэхийг хүсч байна, ХАА-ын мэргэжил сурвал төгссөнийхөө хойно нутагтаа ирж буга малжиж болно. Хэвлэл мэдээллийн чиглэлээр суралцвал нутагтаа ирж Олгуягаа танилцуулах сурвалжлагч болно” гэж хүсэл өвөрлөн ярьж байлаа.

Ойрын жилүүдэд, ӨМӨЗО-ноос үндэстний боловсролын тусгай санд ердийн зарцуулалтаас гадна, нэг хэсэг хөрөнгө мөнгийг тусгайлан гаргаж, гурван үндэстний цөөнхийн/Эвэнк, Дагуур, Орчон/ өөртөө засах хошууны үндэстний сургуулиудын соёлын бүтээн байгуулалт, үндэстний онцлогт уламжлалд зарцуулж байна. Үүний зэрэгцээ хүн ам цөөн үндэстнүүдийн хэлний сурах бичгийг хийх зардал гэж тохируулан, “Эвэнк хэлний хичээл”, “Гурван үндэстний цөөнхийн ардын дууны заан сургалт” зэрэг сургалтыг байгуулж, хүн ам цөөхөн үндэстний бүсийн соёлын уламжлалд онцлогт туршиц хийж байна.

2019 оны Эвэнк үндэстний өөртөө засах хошуунд их сургуульд элсүүлэх шалгалтад оролцогсдын 52 хувь нь бакалаврын түвшинд хүрч, 99.7 хувь нь коллеж, дээд сургуулийн түвшинд хүрчээ. Энэ онд уг хошууны 518 сурагч их сургуульд элсүүлэх шалгалтад бүртгүүлж, тэдний зонхилох хувь нь Ли Зышиньтэй адил эх орныхоо олон газарт суралцахаар явах болно.

Залуучуудын өвлөн уламжлал бол Эвэнк соёлын хамгийн нандин оч юм.

Дэ Кэ Ли бол ӨМӨЗО-ны зэрэглэлийн соёлын биет бус өвийн уламжлагч юм, тэрээр хар багаасаа хусны үйсэн урлал, Эвэнк хувцасны урлал зэргийг ээжээсээ өвлөжээ.

Эрхэм нандин Эвэнк соёлоо хадгалан үлдээхийн тулд, тэрээр үндэстний гар урлалын мастерын ажлын өрөөг байгуулж, залуучуудын идэвхтэй оролцоог дайчлан, уламжлалт ур мэргэшилдээ шинэ хүч сэлбэж байна.

Ажлын өрөөнд нь, Эвэнк үндэстний тотемийн тэмдэг бүхий бугын арьс үсийг хайчилж сийлж хийсэн зураг анхаарлыг татаж байлаа. “Эвэнкчүүд өөрийн гэх үсэг бичиггүй, үндэстний соёлоо уламжлахад эдгээр тотемийн тэмдгүүд чухал үүрэгтэй. Би 100 гаруй тэмдэг сийлсэн, сийлсэн тэмдгүүдээ эмхтгэн дэвтэрлэж, залуу үеийнхэндээ уламжилна” гэж Дэ Кэ Ли ярив.

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Эвэнк үндэстний өөртөө засах хошууны үндэстний соёлын үйлдвэрлэлийн инновацийн парк дахь Нарны охин ажлын тасгийн 2019 оны 12-р сарын 16-нд авсан зураг. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Бэй Хэ\

Урт хугацааны турш, ой тайгын гэрлийн тусалт муутай, хүйтэн орчинд амьдардаг байснаас Эвэнкчүүд нарыг маш их шүтдэг уламжлалтай. Тэд амьтны үс ноос болон өнгөт чулуугаар нарны дүрст зүүсгэл урлан зүүдэг, энэ бол Эвэнк соёлын бас нэгэн чухал шинж тэмдэг болох Нарны дүрст цэцэг юм.

Эртнээс улбаатай нарны дүрст цэцэг нь орчин цагт гэрэл гялбаагаа хэрхэн цацруулж байгаа бол?Энэ тухай хэлэхэд, Эвэнк залуучууд нарны дүрст цэцгээ урлагийн тэмдэг, соёлын инновацийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байна.

“1990-ээд онд төрсөн” Эвэнк охин Ай Жи Ма бол тэдний нэгэн гишүүн юм. Компьютерын мэргэжил сурсан тэрээр их сургуулиа төгсөөд нутагтаа буцаж цахим худалдааны платформ байгуулж, ээждээ туслан нарны дүрст цэцгээ борлуулж байна.

Тэднийхэн жил тутамд, бүх Хятадын олон нутгаас 10 мянга гаруй захиалга тосдог аж. Ай Жи Ма хэлэхдээ: уламжлалт соёл хүмүүсийн хүрээллийг олж байна. Миний бие тасралтгүй шинэчлэлийг эрэлхийлж, нарны дүрст цэцэгтээ шинэ санаа оруулахыг зорьж байна” гэлээ.

Үндэстний соёлын цэцэглэлтийг ахиулах үүднээс Эвэнк үндэстний өөртөө засах хошуунаас үндэстний онцлогт соёлын аж үйлдвэрийн инновацийн паркийг байгуулж, соёлын биет бус өвийн 118 уламжлагч болон ажил үйлс эрхлэгчдийг оролцуулж, Эвэнк үндэстний уламжлалт хувцас, таван хошуу малын үс ноосоор томсон дээс, арьсан сийлбэр хийх зэрэг уламжлалт ур мэргэшлийг парктаа хөгжүүлж байна.

Хөлөнбуйр дээд сургуулийн профессор Сэрэнбат хэлэхдээ, үндэстний соёл бол хамгийн сайн нэрийн хуудас юм. Орчин цагийн нийгэмтэй уялдах явцад, Эвэнкчүүд үндэстний соёлоо уламжлан шинэчлэхийг үл мартан, бүх Хятадын олон үндэстний ард түмэн лүгээ солилцоо харилцаагаа бэхжүүлж, хамтдаа сайн сайхан ирээдүйгээ цогцлоож байна гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126328797