Ли Кэчян, Тайландын Ерөнхий сайд Баю нар сурвалжлагчидтай уулзав
2019-11-07 14:47:11 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бангкокийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Вэнь Шинь, Ван Лэй/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 5-ны өдрийн үдээс өмнө Бангкок дахь Ерөнхий сайдын ордонд Тайландын Ерөнхий сайд Баюгийн хамт сурвалжлагчидтай уулзав.

Хоёр орны Ерөнхий сайд Хятад, Тайландын хамтын ажиллагааны шинэ ололт амжилтыг эергээр үнэлсэн юм. Ли Кэчян энэ үеэр хэлэхдээ, “Тайланд бол Хятад улсын эрх тэгш, харилцан ашиг тустай сайн найз, сайн түнш юм. Хоёр тал нь бие биеийнхээ дутууг нөхөж төгөлдөржүүлэх давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны асар их боломжтой. Бангкокийн Чао Фраяа мөрөн дээр хөвж яваа урт сүүлтэй завь шиг Хятад, Тайландын хамтын ажиллагаа хурдтай урагшилж, тогтвортой байдалд хүрч байна. Бид сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх чиглэлээр Тайландын талтай хамтарч ажиллахад бэлэн байгаа ба тулгарч буй бэрхшээлийг даван туулж, харилцан ашигтай үр дүнд хүрэх болно.

Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын энэхүү цуврал уулзалтын нэг том ололт бол бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг тохиролцоонд хүргэсэн явдал бөгөөд талуудын хамтын хүчин чармайлтаар дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн олон гишүүнтэй, хөгжлийн хамгийн том боломжтой чөлөөт худалдааны бүсийг байгуулах боллоо. Энэ нь дэлхий дахинд олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжих хүчтэй дохио болж байна. Ирэх жил уг хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Талууд RCEP-ыг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэж, оролцогч орны ард түмэнд аль болох хурдан үр өгөөжөө өгнө гэж найдаж байна” гэлээ.

"Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм" \COC\-ийг зөвшилцөх тухай асуудлаар Ли Кэчян, COC бол "Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-д суурилсан бодит агуулга бүхий сайжруулсан хувилбар болж байна. Бид СОС-д чухал хувь нэмрээ оруулж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахын тулд холбогдох улс орнуудтай хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Мөн харилцаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Гуандун, Хонконг, Макаогийн том булан болон Тайландын зүүн хэсгийн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр хоёр тал санал нэгдэв. Хятад Тайландын төмөр замын барилгын ажлыг түргэтгэж, эдийн засаг худалдаа, цахим худалдаа, ухаалаг хот, хууль сахиулах аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Ядуурлыг бууруулах, хөгжүүлэх зэрэг асуудлаар санал туршлага солилцож, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөхөд талууд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125203308