70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болов
2019-10-17 10:10:23 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Бээжин хотод зохиогдлоо.

МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын Ардын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан энэхүү хүлээн авалтад БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилин, МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд БХ-ын сайд Н.Энхболд, МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Д.Ганхуяг, МУ-ын БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр, Хятадын Ардын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Сүн Жин-ү, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд дарга Шюе Жянь нар болон олон орны дипломатач, Хятад, Монгол хоёр орны олон салбарын төлөөлөгчид оролцжээ.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилин арга хэмжээнд хэлсэн үгэндээ: 70 жилийн өмнө МУ БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс орнуудын нэг болж, БНХАУ-д улс төрийн үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлснийг Хятадын засгийн газар, ард түмэн зүрх сэтгэлдээ үүрд хадгалах болно. 70 жилийн турш бидний харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж ирсэн бол 2014 онд Ши Жиньпин даргын МУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат өгсүүлснээр хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн сайхан цаг үедээ орсон билээ. Өнгөрсөн жилд хоёр талын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам долларт хүрсэн бол 2020 он гэхэд 10 тэрбум ам доллар болгох зорилт тавин ажиллаж байна. 70 жилийн турш бид “хөрштэйгөө найрсгаар харилцах” зарчмыг тууштай баримталж, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлснээр хоёр орны найрамдал тасралтгүй бэхжиж, иргэд хоорондын ойлголцол, харилцан итгэлцэл нэмэгдсээр байна. Одоо дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт гарч байгаа хэдий ч “хөрш орон болох МУ-тай найрсаг харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэхийг тэргүүн байран тавих” Хятадын засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй байж, “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх болно. Хятад, Монголын харилцаа улам цэцэглэн хөгжиж, хоёр ард түмэн улам аз жаргалтай байх болтугай гэжээ.

МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд баярын үгэндээ: 70 жилд мөнхийн хөрш болсон манай хоёр орон түүхэн сорилтуудыг хамтаар давж, нэг нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, харилцан дотоод засаглалд үл оролцон, эрх тэгш, харилцан ашигтай байдалд энх тайвнаар зэрэгцэн оршиж, сонгосон хөгжлийн замаа харилцан бүрэн хүндэтгэснээр иж бүрэн стратегийн түншийн харилцааны түвшин тасралтгүй батжиж ирсэнд баяртай байна. Ялангуяа сүүлийн 30 жилд хоёр орны хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, түүхэн чанартай шинэ үйл хэргүүд ар араасаа тохиож, өндөр дээд зиндааны харилцан айлчлал олширч, хоёр орны харилцааг цоо шинэ өндөрлөгт гаргаж байна. БНХАУ-тай олон салбарт найрсаг харилцаа хөгжүүлэх бол МУ-ын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн, иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.

Хүлээн авалтын үеэр БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жан Шяомин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэнгийн захирал Цао Жянь-энь, Бээжин хотын Чао-ян эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Хань Шюү-ү, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн профессор Ё Кэчэн, БНХАУ-ын кино найруулагч Ше Фэй, Өвөр Монголын их сургуулийн профессор Б.Балжинням, Шиньжянгийн Бэйшин группийн МУ дахь Төлөөлөгчийн газрын захирал Ван Жидүн нарт Алтан-гадас одон, Бээжин хотын Анжэнь эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн дэд эрхлэгч Сү Жюнь-ү, БНХАУ-ын Бээжин хот дахь Хятад Монголын соёлын солилцооны төвийн захирал Д.Мөнхбаатар, Шиньжянгийн Бэйшин группийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын төслийн дэд захирал Ц.Сайнбаяр нарт Найрамдлын одон, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Доод танхимын Ерөнхийлөгч, Дунд танхимын Их шүүгч Хү Юүньтэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, БНХАУ-ын Төв Радио Телевизийн Ази-Африкийн өргөн нэвтрүүлгийн төвийн ажилтан Д.Болдхуяг нарын зэрэг хүмүүст ЭСЯ-ны өргөмжлөл гардууллаа. /Сэтгүүлч Э.Гэрэлт, Б.Болор, Б.Алтаннавч, Д.Хүчитбаатар, Б.Дүүрэнжаргал нар мэдээллээ./

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120791125115438