Ши Жиньпин, Пэн Лиюань нар Хойд Солонгосын урлагийн тоглолтыг үзэж сонирхов
2019-06-21 16:20:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньянгийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хао Вэйвэй, Ли Жүнфа\ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар энэ сарын 20-нд БНАСАУ-ын хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жүгийн хамт Пхеньянгийн “5.1” цэнгэлдэх хүрээлэнд томоохон хэмжээний урлагийн цогц тоглолтыг үзэж сонирхов.

Оройн 9:40 минутын үед Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань, Ким Жон Ун болон түүний гэргий Жи Сол Жү нар уг стадионы тэргүүлэгчдийн тайзнаа гарч ирэхэд үзэгчид босч, халуун алга ташилтаар хүндэт зочдыг угтан авав.

Тоглолт ёслолын буудлагаар эхэлж, Солонгосын Соёлын сайд нээлтийн үг хэлэв. Энэхүү тоглолтыг Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлалд тусгайлан зориулж бэлдсэн ба хэдэн арван мянган жүжигчин оролцжээ. Үндэсний агуулга бүхий уг тоглолт нь “Социализм бидний гэр орон”, “Ялалтын цуурай”, “Нэн сайн сайхан маргаашийн төлөө”, “Эвдэршгүй бат найрамдал” гэсэн дөрвөн хэсгээр бүрдэж байв. Энэ үеэр Солонгос орны хөгжил дэвшлийг магтан дуулсаны зэрэгцээ Хятад Солонгосын найрамдлыг ямагт хөгжүүлэх чинхүү хүсэл эрмэлзлэл болон Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлалыг халуунаар угтаж байгаагаа илэрхийлэв.

Солонгосын гурван том хөгжмийн хамтлаг болох Улсын симфони хөгжмийн хамтлаг, Гавьяат найрал дууны хамтлаг, Самжиён найрал хөгжмийн хамтлаг анх удаа хамтдаа тоглолтын тайзнаа гаргасан нь онцлог үйл явдал болов. Тоглолт “Хятад-Солонгосын найрамдал түмэн үед мөнх оршино” сэдэвт дуу бүжгийн үзүүлбэрээр өндөрлөсөн.

Ши Жиньпин, Ки Жон Ун нар цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан үзэгчдийн хамт босч зогсон удтал алга ташин уран бүтээлчдэд талархалаа илэрхийлэв. Үүний дараа хоёр орны төрийн тэргүүн нар гэргий нарын хамт тайзнаа гарч, Солонгосын уран бүтээлчидтэй гар барьж дахинтаа талархал илэрхийлж, дурсгалын зураг татуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124654821