ГХЯ: Хятад, Америк харилцаагаа таслах нь түүхэн ухралт юм
2019-06-13 16:19:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хөү Шяоцэнь/ Америкийн зарим иргэд Хятад, Америк харилцаагаа таслахыг уриалж байгаатай холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 12-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийв.

Тэрээр энэ үеэр хэлэхдээ, “Хятад, Америк хоёр орон дипломат харилцаа тогтоосон 40 жилд хоёр тал нэгэнт бие биеэ харилцан нөхсөн, ашиг сонирхлын нягт уялдаатай, харилцан ашигтай харилцааг бий болгосон. Одоогийн байдлаар хоёр тал бие биенийхээ худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын хамгийн чухал орон болсон. Америкийн бараг бүх том компани Хятад улсад үйл ажиллагаагаа явуулж, бүх муж нь Хятадтай хамтын ажиллагаа байгуулсан. Хятад, Америк хоёр орны хооронд 50 найрсаг муж, 227 найрсаг хотын харилцаа байгуулаад байна. Өдөр бүр 14 мянган хүн хоёр улсын хооронд онгоцоор зорчиж байна. Америкийн тал Хятад, Америкийн худалдаанаас ихээхэн ашиг хүртсэн. Зөвхөн 2017 оны байдлаар Америкийн компаниудын Хятад улс дахь орлого 700 тэрбум ам.долларт хүрч, 50 тэрбум ам.долларын ашиг олсон.

Хятад, Америк нь дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээ, өртгийн сүлжээнд чухал байр суурь эзэлдэг. Хэрвээ Хятад, Америкийн харилцааг хүчээр таслах юм бол дэлхийн эдийн засгийн сүлжээ, дэлхийн үйлдвэрлэлийн хуваарилалтыг эвдэж, олон улсын зах зээл болон санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх болно. Ийм байдалд хүргэхийг хэн ч хүсэхгүй.

Америкийн зарим иргэд өөрийн үйлдлийг сайтар тунгаан бодож, хуучирсан үзэл бодлоо орхиж, хэрэггүй яриагаар байдлыг улам хүндрүүлж, түүхийг ухраах гэж оролдохгүй байхыг сануулж байна. Хятад, Америкийн харилцааг таслах гэвэл эхлээд эдгээр компаниудаас асуух хэрэгтэй, орон нутгийн муж хотуудаас асуух хэрэгтэй, хоёр орны ард түмнээс асуух хэрэгтэй.

Хятад, Америк хоёулаа том гүрэн. Хамтран ажиллах нь хоёуланд ашигтай, хатгалдан тэмцэлдэх нь хоёуланд ашиггүй, хамтран ажиллах нь цор ганц сонголт гэдгийг түүх болон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Америкийн тал Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, харилцан ашигтай байх зарчмаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан хүндэтгэсэн суурин дээр маргаанаа шийдвэрлэн, уялдаа холбоотой, хамтран ажилласан, тогтвортой харилцааг бий болгож, хоёр ард түмэн болон дэлхийн ард түмэнд үр ашгийг нь хүртээхийг бид хүсч байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124618848