Америкийн тал хандлагаа өөрчлөн Хятадын талтай хэлэлцээ хийж зөрчилдөөнөө шийдвэрлэхийг гадаадынхан хүсч байна
2019-05-29 16:55:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Жялинь\ ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсээс энэ сарын 28-нд зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон гадны зочид төлөөлөгчид Америкийн тал Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн мөргөлдөөнийг улам хурцдуулж, Хятадын холбогдох аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэх байгаатай холбогдуулан өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Тэд Америкийн тал олон улсын худалдааны дүрмийг үл тоомсорлон, ганц талт үзлийг баримталж байгаа нь даян дэлхийг хохироож байна. Америкийн тал хандлагаа өөрчлөн, Хятадын талтай хэлэлцээ хийж хамтран ажиллаж зөрчилдөөнөө нэн даруйхан шийдвэрлэхийг хүсч байна гэлээ.

Балба улсын Хятадын эдийн засаг, худалдааны нийгэмлэгийн дарга Ануб хэлэхдээ, “Худалдааны дайн нь Хятад, Америкийн аль алинд нь ашиггүй. Америкийн тал Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвараа нэмэгдүүлсэн нь Хятадын аж ахуйн нэгжүүдийг хохироогоод зогсохгүй Америкийн аж ахуйн нэгжүүд болон ард иргэдийн ашиг сонирхлыг ч хохироож байна. Хятадын тал аргагүйн эрхэнд хариу хориг арга хэмжээ авах нь Америкийн хөдөө аж ахуй зэрэг салбарт ч нөлөөлөх болно. Америкийн талын эдгээр үйлдэл нь олон улсын эдийн засгийн дэг журмыг алдагдуулж, дэлхийн улс орнуудад хохирол учруулж байна. Америкийн тал хандлагаа нэн даруйхан өөрчилж, Хятадын талтай үргэлжлэн зөвшилцөхийг хүсч байна” гэв.  

Нигерийн Ардчилал, социализмын төлөөх намын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, ГХ-ны сайд Кара хэлэхдээ, “Дэлхийн улс орнууд урт хугацааны турш олон талт худалдааны системийг байгуулж, хамгаалахаар хүчин зүтгэсээр ирсэн бөгөөд үүнээс маш их ашиг хүртсэн. Харин одоо дэлхийн том гүрэн болох Америк ганц талт үзлийг баримтлан, чөлөөт худалдааг эсэргүүцэж байгаа нь дэлхийн эдийн засагт хориглож болшгүй үр дагавар авчрах болно.   

Хятад улс бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Хятад улстай хамтран ажиллахыг Нигер улс туйлаар чухалчлан үздэг. Нигерт Хятадын маш олон аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрөгдөж, Нигерийн хөгжлийг ахиулж байна. Хятадын хөгжил дэлхийд боломж авчирч байгаа учраас Хятад улстай худалдаагаа хөгжүүлэх нь зайлшгүй юм” гэлээ.

Уругвайн Ерөнхийлөгчийн ордны Төсөв ба төлөвлөлтийн албаны захирал Гарсиа хэлэхдээ, “Америк улс иш баримтгүйгээр Хятадын аж ахуйн нэгжийг буруушааж, асуудлыг үзэл суртлын ялгаанд чиглүүлэх гэж байна. Энэхүү үйлдэл нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд маргаан зөрчилдөөн биш, харин илүү нягт хамтын ажиллагаа, илүү нээлттэй сэтгэлгээг хүсч байна.

Дижитал эрин үед улс орнууд технологийн хөгжлөө эрчимжүүлж, хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөх ёстой. Америкийн зохисгүй үйлдэл технологийн дэвшилд саад болж байгаа нь хүмүүсийг түгшээж байна.

Хятадын Засгийн газар харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмаар Америкийн талтай цаашид зөвшилцөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ байр суурийг би дэмжиж байна. Америкийн тал өнгөрснийг биш ирээдүйг бодож, Хятадын талтай эрх тэгшээр ярилцан, асуудлаа эртхэн шийдвэрлэхийг хүсч байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124558400