ГХЯ-наас Америкийн талын холбогдох яриа хэлцэлд няцаалт хийв
2019-05-16 10:58:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хөү Шаочэнь/ Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 14-нд Америкийн талын холбогдох яриа хэлцэлд няцаалт хийв.

Хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагч, “Америкийн талаас Хятад Америк хоёр нэгдсэн хэлэлцээрт хүрэхгүй бол Хятадын тал маш ноцтой хохирно. Учир нь гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадаас гарч бусад улс орныг зорих болно гэж байна. Хятадын тал Америкийн талын яриа хэлцлийг зөвшөөрч байна уу. Үүнээс болж бухимдаж байна уу” хэмээн асуухад Гэн Шуан, “Хятад улс өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийн асар их амжилтад хүрсэн. Гадаадын бизнесменүүдийн Хятадад хөрөнгө оруулах орчин сайжирсаар ирсэн. БНХАУ олон жилийн турш дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулахад хамгийн тааламжтай орчин бүхий зорилтот газар нутгийн нэг болсоор ирсэн” гэжээ.

Тэрээр зарим тоо баримтаас ишлэхдээ, Дэлхийн банкны 2019 оны бизнесийн орчны тухай тайланд Хятад улсын бизнесийн орчин эрс дээшилж 32 байрт орсон. Хятад Америкийн бизнесийн холбооноос нийтэлсэн тайланд, ярилцлагад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь Хятад улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирсан эсвэл тогтвортой байгаа хэмээсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн 62 хувь нь Хятад улс дэлхийд тэргүүний буюу эхний гуравт жагсах хөрөнгө оруулалтын газар нутаг гэж үзсэн. Хятадын талын холбогдох байгууллагын бүртгэлээс харахад, 2018 онд Хятад улсад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоо 60 мянгыг давж, 69.8 хувиар өссөн.

Өнгөрсөн жилд Америкийн тал Хятадаас импортолсон бүтээгдэхүүнд оногдуулах татвараа нэмэгдүүлнэ хэмээн тасралтгүй заналхийлсан байдал дор өнгөрсөн оны 9 дүгээр сард Америкийн хамгийн том газрын тосны компани болох “Exxon Mobil” корпораци Хятад улсад томоохон хэмжээний ганц хөрөнгө оруулалт бүхий петрохимийн төслийн бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ оны 1 дүгээр сард Америкийн “Tesla” компанийн гадаад дахь анхны үйлдвэр нь Шанхайд албан ёсоор барилгын ажлаа эхлүүлсэн” гэв.

Гэн Шуан хэлэхдээ, “Аж ахуйн нэгж аль улсад хөрөнгө оруулж бизнес эрхэлж, хэнтэй хамтран ажиллаж түншээр сонгохоо зах зээлийн зарчимд үндэслэн шийдвэрээ гаргадаг. Энэ нь хэн нэгэн хүний үгнээс хамаардаг асуудал биш. Хятад улсын бизнес эрхлэх орчин сайн эсэх, Хятад улсад мөнгө олж чадах эсэх талаар Америкийн аж ахуйн нэгжийг багтаасан гадаадын аж ахуйн нэгжүүд нэгэнт өөрийн байр сууриа олсон. Гадаадын аж ахуйн нэгжүүд манай улс руу оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Хятад улс сайшааж, гадаадын хөрөнгө оруулагчдад нэн тогтвортой, шударга, ил тод, төсөөлж болох бизнесийн орчин бүрдүүлэн өгөхөд үргэлж хичээн зүтгэнэ. Хятад улс их өөрчлөлт нээлтийн цуврал арга хэмжээ авч, нэн өндөр түвшний гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлээ улам өргөжүүлж, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбар дахь импортоо нэмэгдүүлж, гадаадад хэрэгжүүлэх нээлттэй бодлогын тууштай хэрэгжилтийг чухалчилна. Энэ нь дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулж бизнес эрхлэх шинэ боломжийг бүрдүүлж, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, дэлхийн худалдааны өсөлтөд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124501721