Ардын төлөөлөгчдийн их хурал гэж юу вэ?
2019-03-01 17:37:00 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ардын төлөөлөгчдийн их хурал /АТИХ/ бол Хятадын иргэний үндэсний эрхээ хэрэгжүүлэх байгууллага мөн. БХАТИХ бол Хятад улсын дээд эрхт байгууллага бөгөөд Байнгын хороо нь түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ. Орон нутагт бүх шатны АТИХ байх ба шяниас дээшхи шатны орон нутгийн АТИХ бүхэн байнгын хороотой байдаг. Бүх Хятадын ардын төлөөлөгчид, орон нутгийн ардын төлөөлөгчдийг ардчилсан сонгуулиар сонгодог.

БХАТИХ жилд нэг удаа, 3-р сард 11 хоног чуулах бөгөөд чуулганыг БХАТИХ-ын Байнгын хороо зохион байгуулдаг.

БХАТИХ хууль тогтоох, шийдвэр гаргах, албан тушаалд томилох, албан тушаалаас огцруулах, хяналт тавих зэрэг эрхтэй. Тухайлбал, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, Үндсэн хууль тогтоомжийг боловсруулан засвар өөрчлөлт оруулах, улсын дарга, орлогч даргыг сонгох, Төрийн зөвлөл, яам хороодын гол гол удирдлагын нэр дэвшигчийг шийдэх, Төв хорооны цэргийн зөвлөлийн даргыг сонгох, Төв хорооны цэргийн зөвлөлийн бусад бүрэлдэхүүнийг тогтоох, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг сонгох зэрэг ажлыг хариуцдаг.

БХАТИХ мөн улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хянах батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, улсын төсөв, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, батлах эрхтэй. Засаг захиргааны бүсийн зохицуулалт, засаг захиргааны онцгой бүс байгуулах, түүний тогтолцоо зэргийг БХАТИХ эцэслэн шийддэг юм.

Ардын төлөөлөгчийг хэрхэн сонгодог вэ?

Удахгүй чуулах XIII сонгуулийн БХАТИХ-ын II бүгд хурлаар 3000 орчим төлөөлөгч Засгийн газрын ажлын тайлан, 2018 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, 2018 оны төв засгийн газар ба орон нутгуудын төсвийн гүйцэтгэл, 2019 оны төв засгийн газар болон орон нутгуудын төсвийн төслийн тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайлан зэргийг хянан хэлэлцэх юм. Тэгвэл Хятад улсын 1 тэрбум гаруй иргэдээс 3000 орчим ардын төлөөлөгчийг хэрхэн яаж сонгодог вэ.

БНХАУ-ын Үндсэн хуулинд “Улс орны бүх эрх ард түмнийх, ард түмэн БХАТИХ бүх шатны АТИХ-аар дамжин бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. БХАТИХ болон орон нутгуудын ардын төлөөлөгчдийг ардчиллаар сонгоно. Шянь, шян хоёр шатны ардын төлөөлөгчийг шууд санал хураан сонгож, муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, өөртөө засах жөүгийн ардын төлөөлөгчийг доод шатны АТХ-аар сонгоно. Харин бүх Хятадын ардын төлөөлөгчийг муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын АТХ, АЧА-ийн төлөөлөгчдийн их хурлаар сонгоно. "Нэг улс хоёр систем"-ийн бодлого чиглэлийн дагуу Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс хууль дүрмийн дагуу тэнд амьдарч буй Хятад иргэдийн дундаас сонгоно. БХАТИХ-ын Тайванийн төлөөлөгчийг муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, төвийн нам, улс төр, армийн байгууллагад ажиллаж буй Тайвань мужийн 33 мянга гаруй иргэдийн дундаас сонгоно гэж тодорхой заасан байдаг.

"Сонгуулийн хууль"-ийн тогтоолын дагуу БХАТ-ийн тоог 3000-аас хэтрүүлэхгүй байх ёстой. Мөн БХАТ-ийн тоог БХАТИХ-ын Байнгын хороо муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын хүн амын тоог үндэслэн, төлөөлөгч бүрийн төлөөлөх хүн амын тоо ойролцоо байх зарчмын дагуу хуваарилдаг. БНХАУ-д гэмт хэрэг үйлдэж хуулийн дагуу улс төрийн эрхээ алдсан хүмүүсийг эс тооцвол 18 нас хүрсэн иргэн бүр үндэстэн ястан, хүйс, ажил мэргэжил, шашин шүтлэг, боловсролын түвшин, хөрөнгө орлогын ялгаваргүйгээр сонгож, сонгогдох эрхтэй. Бүх Хятадын ардын төлөөлөгч болон орон нутгуудын ардын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124182068