"Цагаан сар-2019" хүндэтгэлийн тоглолт болов
2019-02-19 11:33:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Соёл, Аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамтран зохион байгуулсан "Цагаан сар-2019" хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний концертын их танхимд амжилттай болж өнгөрлөө.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндун, Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн тэргүүн Ли Вэй, УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Соёл урлагийн хэлтсийн дарга Г.Батхуяг, БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Сэргэлэн, Консерваторын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, профессор Б.Пүрэвхүү зэрэг хүндэт зочид, үзэгчид 1000 гаруй хүн оролцжээ.

Хүндэтгэлийн тоглолтыг нээж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ, “Манай Элчин сайдын яамны хамт бүтээсэн "Би чамд хайртай Хятад орон минь" хэмээх уран бүтээл үзэгч түмэнд хүрсэн. Яг энэ дуу шиг би Монгол оронд хайртай. Хятад, Монгол хоёр улсын найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд улам батжин хөгжиж, ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түвшинд хүргэсэн нь хоёр улсын ирээдүйд алтан жигүүр ургуулсан юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын улс төрийн итгэлцэл, бусад салбар дахь найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өсөн нэмэгдэж байгаад хоёр ард түмэн сэтгэл хангалуун байна. Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт гол гол арга хэмжээний нэг нь хоёр орны соёлын өдрүүд юм. Энэ цуврал арга хэмжээг зохион байгуулах нь манай хоёр орны соёлын харилцааг улам бэхжүүлж, соёл урлагаар дамжуулж харилцан ойлголцоход чухал ач холбогдолтой юм гэжээ.

УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, “Монгол, Хятад хоёр ард түмэн олон зуун жилийн турш өргөн хүрээнд найрсгаар хамтын ажиллаж ирсэн баялаг түүхтэй. Энэ уламжлалт харилцаа шинэ зуунд шинэ шинэ агуулга хэлбэрээр баяжиж, бүхий л салбарыг хамран хөгжиж байна. Энэ жил Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, энэ хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Ойн арга хэмжээний салхийг хагалж "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад Монголын харилцаа" номын нээлт, Хятадын үндэсний хувцасны загварын шоу, цагаан сарын баярт зориулсан Хятадын уран бүтээлчдийн мөсөн дээрх тоглолт, Монгол, Хятад, Орос гурван орны уран бүтээлчдийн хамтарсан цагаан сарын баяр зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн гол гол арга хэмжээний нэг нь хоёр орны хооронд зохион байгуулах соёлын өдрүүд байх болно. Энэ хүндэтгэлийн тоглолт "Торгоны зам"-ын уянга, "Аз жаргал"-ын уянга, "Найрамдал"-ын уянга гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын уран бүтээлчид, Хятадын залуу уран бүтээлчид 2 орны сонгодог урлагийн уран бүтээлүүдийг энэ танхимд хуран цугласан үзэгч түмэнд толилуулах болно” гэжээ.

Хүндэтгэлийн тоглолт Хятад, Монгол хоёр орны төрийн дууллын эгшиглэсний дараа "Би чамд хайртай Хятад улс минь" дуугаар эхэлж, Хятадын залуу уран бүтээлчид, МУГЖ Г.Ариунбаатар, Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Ука, МУГЖ Ч.Баярмаа, МУСТА Н.Даваасүрэн, МУСТА Н.Батсайхан, МУСТА Р.Ганбат, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан оролцож, баялаг агуулга хэлбэр бүхий дуу бүжгийн тоглолт хийж, хурсан олныг баясгажээ.

Тоглолтын төгсгөлд Хятад, Монгол хоёр орны нийт уран бүтээлчид "Хятад, Монголын найрамдлын дуу"-г хамтдаа дуулж, дурсгалын зураг татуулан, баяр хөөртэй өндөрлөлөө.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124134412