Хоёр монгол гэрээс нээлтийн цамхаг болсон Ганцмодны боомт
2019-02-18 11:28:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч Чэнь Лэй, Юй Жя, Ли Юньпин

ӨМӨЗО-ы Баяннуур хотын Линьхэ дүүргээс мордон Бортохойн тал, сунан үргэлжилсэн Мони уул болон хөвөө хязгаар нь харагдахгүй тал нутгийг туулж 200 гаруй км аялсаар Хятад Монголын хил дэх Ганцмод боомтод хүрэх болно.

Баруун хойдын салхи, сүндэрлэн боссон барилгууд, сүлжилдэн давхилдах ачааны машинууд....Энэ бол Ганцмод боомтод очсон хүмүүст төрөх анхны сэтгэгдэл юм. Уг боомт Монгол Улсын Өмнөговь аймагтай хиллэдэг бөгөөд Монгол Улсаас нүүрс, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн түүхий эдийг импортлох чухал гарц, мөн Хятад Монголын хилийн иргэдийн худалдааны хот болно.

Гучин жилийн тэртээ Ганцмодыг Хятад Монголын хилийн бараа нэвтрүүлэх түр гарц болгохоор шийдвэрлэж, тухайн үеийн бирж нь хоёрхон монгол гэр байсан юм. Хятад Монгол хоёр орны иргэдийн хийдэг арилжаа наймаа арьс шир, ноос ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүн төдий байжээ.

1992 онд Ганцмодыг улирлын чанартай нээлттэй боомт болгосны дараа Хятад болон Монгол Улс тэнд ган төмөр, цемент зэрэг том оврын худалдаа хийж эхлэв. Хятадын өөрчлөлт нээлт гүнзгийрч Ганцмод боомтын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэх хэрээр 2009 онд байнгын ажиллагаатай автозамын боомт болгожээ.

Хятадын “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалт ахих тутам Ганцмод нь гаалийн мэдүүлгийн дэд бүтцээ түргэтгэжээ. Тухайлбал нүүрсний тусгай зам, бараа тээврийн гарц зэрэг болно. Хил нэвтрэх тээврийн хэрэгсэл 2009 онд өдөрт дунджаар 400 байсан бол одоо 3500 гаруйд хүрч, нэг өдрийн экспорт импортын барааны хэмжээ ч 40 мянган тонн байснаа 110 мянган тонн болон нэмэгдэв.

“Өмнө нь нүүрс ачсан машин гаалийн мэдүүлэг хийхэд нэг долоо хонодог байсан. Одоо 20 минутад мэдүүлэг хийдэг боллоо” гэж Хятад Монголын нүүрсний худалдаа эрхэлдэг Саньхэ эрчим хүч хөгжүүлэх компанийн дэд ерөнхий захирал Жан Гүйшэн ярив.

Өмнө гаалийн байгууллага Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн ачсан ачааны машиныг хил нэвтрүүлсний дараа гаалийн хяналтын талбайд мэдүүлэг, хорио цээрийн шалгалт хийдэг байсан бөгөөд долоогоос дээш хоног хүлээдэг байжээ. 2018 оны эцэст гаалийн мэдүүлгийн гар гүйцэтгэлийг хялбарчилж, урьдчилан интернэтээр мэдүүлэг хийж, гаалийн байгууллага мэдээллийг авсны дараа ачаатай машиныг автоматаар нэвтрүүлэхийн хамт хорио цээр зэрэг хил нэвтрэх дамжлагуудыг хийдэг болов.

1992 оноос өнөөг хүртэл Ганцмод боомтоор нэвтэрсэн барааны хэмжээ 100 сая тонныг давж, худалдааны нийт хэмжээ 100 тэрбум юаньд хүрчээ. 2018 онд Ганцмод боомтоор импортолж экспортлосон барааны хэмжээ 19.08 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөв. Импорт экспортын нийт хэмжээ 23.36 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувь өсөв. Гаалийн татвар хураамж 346.3 сая юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна.

“Хоёр монгол гэрээс олон улсын худалдааны хот болж, хил худалдааны түр гарц байснаа Хятад Монголын эрчим хүчний холбоос том зам болсон Ганцмод боомт газар зүйн давуу тал болон бүс нутгийн давуу талаа гүйцэд ашиглан хөгжин томорч, өмнөх үеийн хилийн жижиг суурины дүр төрх танигдахгүй болтол өөрчлөгдөв” гэж Ганцмод боомтыг удирдах газрын дэд дарга Рэнь Шюефэй хэлэв.

Ганцмод сууринд өндөр барилгууд жигдрэн сүндэрлэж, Монгол Улсын барааны супермаркет, Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд, орон сууцны хорооллууд үзэмж бүрдэн харагдана. Өргөн уудам цэвэр сайхан гудамжаар суудлын жижиг машин нааш цааш сүлжилдэн давхилдана.

Үүнээс гадна сургууль, эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжууд бүрэн байна. Ганцмодны сургуульд тухайн нутаг болон гаднаас ирж ажиллаж байгаа иргэдийн 300-гаад хүүхэд суралцдаг бөгөөд 40-50 монгол хүүхэд суралцаж байна. Эмнэлгээр нь монгол өвчтнүүд байнга ирж үйлчлүүлдэг.

Ганцмодны боомт нь 40 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан хил дамнасан тээвэр, уурхайн баялаг боловсруулах, цахим худалдаа, эрчим хүч гадагш дамжуулах зэрэг давуу талт аж үйлдвэр болон төлөвшиж, 20 гаруй мянга хүн тэнд ажиллаж амьдарч байна.

“Эхэндээ би гар урлалын бүтээгдэхүүн дагнан эрхэлж байсан. Ойрын үед бараа оруулах арга зам чөлөөтэй болж, импортын бараа нэмэгдлээ. Тиймээс 5-6 улсын 60-70 төрлийн барааг борлуулах болсон бөгөөд борлуулалт ч сайн байгаа” гэж Ганцмод боомтын өөрчлөлтийг биеэр үзэж өнгөрүүлсэн Хишиг ярьж байв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124129640