“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал”цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв
2019-01-10 09:53:18 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд, хоёр орны хооронд соёл, хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэг чухал агуулга болсон Монгол улсын хятад судлаач Х.Баатархүүгийн эмхтгэж редакторласан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 1-р сарын 8-нд Монгол улсын ГХЯ-нд боллоо.

Монгол улсын УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол улсын ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг, Монгол улсын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Монгол улсын ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар зэрэг Хятад, Монгол хоёр орны холбогдох албаны хүмүүс, Монгол улсын ахмад дипломатчид, эрдэмтэн судлаач, Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Хятад цагаач иргэд, Монгол улсад ажиллаж амьдарч буй хятад иргэдийн төлөөлөл нийт 200 шахам хүн тус арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон байна.

Монгол улсын ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Хятадын талын албаны хүмүүс, зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд: Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэ онд хоёр орон бүтэн жилийн турш ойгоо тэмдэглэх олон арга хэмжээ зохиохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ бол 70 жилийн ойн хүрээнд нээлтээ хийж буй анхны арга хэмжээ юм гэдгийг онцлоод, “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” гэрэл зургийн цомог ном, үзэсгэлэнг албан ёсоор нээснийг мэдэгдлээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, 2019 оны гараан дээр, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид хамтдаа угтан тэмдэглэж, түүний анхны арга хэмжээ болох “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэн Монгол улсад зохиогдож байгаад ЭСЯ-ынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, хоёр орны харилцаанд чухал ач холбогдол өгч, энэ арга хэмжээнд дорвитой дэмжлэг үзүүлж ажилласан Монгол улсын засгийн газар, ГХЯ болон бусад холбогдох байгууллага, мөн энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцож буй найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Хятад, Монголын харилцаа ийнхүү өндөр түвшинд хөгжиж байгаа нь хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд мөн түүхийн гүн зузаан үндэс суурьтай юм. Манай хоёр орон 4710 км урт хилийн шугамтай. Хамгийн урт хилийн шугам манай хоёр орны найрамдалт харилцааны холбоос юм. Урт удаан түүхэн хөгжлийн явцад, Хятад, Монгол хоёр орны ард түмэн гүн зузаан найрамдалт харилцаа, нөхөрлөл тогтоон, өргөн хүрээнд найрсгаар хамтран ажиллаж, бие биеэ түшин хамтдаа хөгжих харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн гэжээ.

БНХАУ байгуулагдсанаас хойш, хоёр орны харилцаа хоёр талын хамтын хүчин чармайлтаар өрнүүн хөгжлөө. Энэ нь Монгол орны ард түмэнд аз жаргал авчирсан төдийгүй Хятад улсын энх тайван хөгжилд ч таатай нөхцөл боломж бүрдүүлсэн юм. Хоёр орны харилцааны гол чиг хандлага нь 70 жилийн хугацаанд сайн сайхан байдлаа хэвээр хадгалж ирсэн бөгөөд одоо улам бүр сайн сайхан чиглэлээр өргөжин гүнзгийрч байна. Бид Монголын ард түмний зүгээс Хятадын ард түмэнд найрсгаар хандаж буй сэтгэлгээг бат санаж явах болно гэж тэрээр тэмдэглэжээ.

Монголын ард түмэн бол маш найрсаг, хөдөлмөрч, цайлган сэтгэлтэй хөгжлийн асар их ирээдүйтэй агуу ард түмэн юм. Хятад улс Монгол улстай найрсгаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийн төлөө, “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” хөтөлбөрийн стратегийн холболтыг амжилттай хийж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээхийн тулд, Монголын талтай хамтран зүтгэхэд бид бэлэн байна гэжээ.

Монгол улсын УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин: Монгол, Хятад хоёр талын хүчин зүтгэлийн үр дүнд, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэн, харилцаа, хамтын ажиллагаанд шинэ ахицууд байнга гарч буйг тэмдэглэхэд таатай байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Хятадын засгийн газраас хөрш орнууд, ялангуяа Монгол улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг, дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хамтдаа хуваалцах бодлого баримталж байгаа нь хоёр талын харилцааг улам өргөн хүрээнд хөгжүүлэх боломж бүрдүүлж байна. Монголын талын дэвшүүлсэн “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулж, хамтран ажиллах, мөн Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр хоёр тал төлөвлөн ажиллаж байна гэлээ.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх цуврал арга хэмжээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байгаад, та бүхэнд чин сэтгэлийн баярын мэндийг дэвшүүлж байна гээд бүтэн жилийн туршид хамтран тэмдэглэх энэхүү ойн үйл ажиллагаа баялаг, олон талтай, төгөлдөр утга агуулгатай, хоёр улсын ард иргэдэд хүрсэн далайцтай, үр өгөөжтэй, сайхан арга хэмжээнүүд болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлжээ.

Ойн баярыг тэмдэглэх хүрээнд, бидний хамтран зохион байгуулж байгаа анхны арга хэмжээний хувиар, “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зулгийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр энд ёслол төгөлдөр болж байгаад баяртай байна. Энэхүү цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэн өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-ын зүгээс Монгол улсад үзүүлсэн зээл, тусламж, түүгээр бүтээн байгуулсан барилга байгууламжийн зургуудыг эмхлэн тусгасан юм. Монгол улсын хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан амьдралд манай найрсаг их хөрш БНХАУ, Хятадын ард түмний зүгээс үзүүлсэн хувь нэмрийг бид энэ цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгээс танилцаж болно гэж тэрээр тэмдэглэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Хаяа нийлсэн, түүх соёлоороо сүлжилдсэн манай хоёр улс, хоёр ард түмний хооронд бүтэн жилийн туршид хамтран тэмдэглэж, дурсан ярилцах сайхан дурсамж их байгааг онцлоод, цаашид байнга уулзаж, олон сайхан арга хэмжээ зохиож, хамтран ажиллахад та бүхэн хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсийн төлөөх бидний хамтын ажиллагаа үргэлж амжилтаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол, Хятадын ард түмний найрамдал улам батжин бэхжихийг ерөөе гэжээ.

Тэрээр мөн Монгол улсын нэрт зохиолч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн 1950 онд Хятадын ард түмэнд зориулж бичсэн, сайн сайхныг бэлэгшээж ерөөсөн нэг сайхан шүлгийн хятад орчуулгыг элчин сайд Шин Хайминд дурсгал болгон бэлэглэлээ.

“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” гэрэл зургийн цомог номыг эмхтгэн хянасан Х.Баатархүү цомог номын баримт материалуудыг эмхтгэж цуглуулсан байдал, зарим агуулгын талаар товч танилцуулсан юм.

Х.Баатархүү 2018 онд “Ард түмний ерөнхий сайд Жөү Эньлай”, “Нэг бүс нэг зам” хэмээх хоёр номыг орчуулж хэвлүүлсэн бөгөөд БНХАУ, Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр 1955-1965 онд Монгол улсад өрнөсөн их бүтээн байгуулалт, Хятадын барилгачдын байгуулсан барилга объектуудыг БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран судалж, тэдгээрийн гэрэл зургийг “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” хэмээх цомог ном болгон хэвлүүлсэн юм.

Хагас жилийн хугацаанд, тэр Үндэсний төв архив, нийслэл, аймгуудын архиваас холбогдох баримт материалыг эрж хайж цуглуулан эмхтгэж, Монгол улсад Хятадын барилгачдын барьсан 850 орчим барилга байгууламж буйг илрүүлсэн бөгөөд тус цомог номдоо тэдгээр барилга байгууламжийн дотроос 369 нэгж байгууллагын 520 ширхэг өнгөт болон хуучин хар цагаан зургийг харьцуулсан хэлбэрээр товч тайлбар хавсаргаж оруулжээ.

Энэхүү цомог номдоо тэрээр бүх аймгийг товч танилцуулж, тэр үед хятад ажилчдын барьсан барилга буй сум бүрээр, харин нийслэл Улаанбаатар хот дахь барилга объектуудыг зориулалтынх нь дагуу 6 ангилж, дэд бүлгүүдэд хуваан, уншигч судлаачдад ойлгоход дөхөм болгосон байна.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Э.Саруулчимэг нар мэдээлэв/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123970676