“Хятад, Монголын найрамдал” уран сайхны тоглолт болов
2018-09-29 19:20:42 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 28-нд Улаанбаатар хотын “Улаанбаатар чуулга”-д БНХАУ-ыг тунхаглан байгуулсны 69 жилийн ойг тохиолдуулсан “Хятад, Монголын найрамдал” уран сайхны тоглолт боллоо. Тоглолтыг БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Соёлын газрын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй, Хятад, Монгол хоёр орны олон салбарын зочид 300 гаруй хүн үзсэн байна. Тус арга хэмжээг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж, МУ-ын Хөгжим, бүжгийн их сургуулиас эрхлэн явуулжээ.

Уран сайхны тоглолт Хятад, Монгол хоёр орны төрийн дууллаар эхэлж, МУ-ын авьяаслаг оюутнууд хоёр орны сонгодог дуу бүжгийн тоглолт хийж, Хятад, Монголын найрамдлын ая дууг эгшиглүүлэн, БНХАУ-ын үндэсний баярыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Оюутнууд морин хуур зэрэг монгол үндэсний хөгжмийн зэмсгээр хятад хөгжим тоглож, Хятад, Монгол хоёр орны ард түмний хөгжлийн ирээдүйн сайн сайхныг хүссэн байна.

 

Пийпаа бол Хятадын уламжлалт хөгжмийн зэмсэг. МУ-ын Хөгжим бүжгийн их сургууль хятад урлагийн сургалт явуулж эхэлснээс хойш, пийпаа хөгжмийн зэмсэг анх удаа МУ-ын хөгжмийн сургалтын нэг төрлийн зэмсэг болжээ. Тоглолтын үеэр, МУ-ын оюутнууд пийпаагаар хятад хөгжмийг яруу сайхан хөгжимдөж, үзэгчдийн сонорыг мялааж, оюуныг баясгалаа.

Тэд Хятадын Хайнань, Ганьсү мужаар айлчилж, Хятадын оюутнуудтай хамтран уран сайхны тоглолт хийснээ эргэн дурсаж, Хятадын байгалийн өнгө үзэмж, хөгжлийн ололт амжилтыг бахдан сайшааж, хятад хөгжимд шамдан суралцаж, Хятад, Монгол хоёр орны хөгжим, соёлын салбарын хамтын ажиллагаа, солилцоог ахиулахад хувь нэмрээ оруулна гэжээ.

Оюутнууд Монголын хөдөө нутаг, Хятад нутгийн өвөрмөц онцлогтой бүжиг бүжиглэн, дуу дуулав. Цайны соёл нь Хятад, Монгол хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа, солилцооны чухал гүүр юм. Тэдний бүжсэн “Цай түүгч охидын бүжиг” хоёр орны үзэгчдийг улам ойртууллаа.

МУ-ын Хөгжим бүжгийн их сургуульд Хятадын олон оюутан суралцаж байгаа бөгөөд тэд МУ-ын оюутнуудтай хамтран тоглож, хоёр орны соёлын салбар дахь харилцан суралцаж, туршлагаа хуваалцсаны үр дүнгээ дуу бүжгээрээ дүрслэн харуулсан байна.

Тоглолтын эцэст оюутнууд “Хятад, Монголын найрамдлын дуу”-г хамтдаа дуулж, Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, соёлын газрын зөвлөх Ли Вэй нар тайзнаа гарч, оюутнуудтай дурсгалын зураг татуулж, тэднийг цаашид шамдан суралцаж, амжилт гаргахыг хүсэн, Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл мөнх оршихыг ерөөжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123502861