“Нэг бүс нэг зам”-“Ли Шүйгийн гурван эрдэнэ” үзэсгэлэн Улаанбаатарт нээлтээ хийв
2018-07-26 16:59:57 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Жэжян мужийн Ли Шүй хотын захиргаа, Монгол Улсын НИТХ хамтран Хятадын гар урлалын болон урлагийн бүтээлийн дэлхийн үзэсгэлэнгийн анхны үзүүлбэр болох “Нэг бүс нэг зам”-“Ли Шүйгийн гурван эрдэнэ /Лүн Чюаний хөх ваар, Лүн Чюаний эрдэнийн сэлэм, улаан хүрэн чулууны сийлмэл/”-ийн үзэсгэлэн өчигдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын НИТХ-ын дарга С.Амарсайхан, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-очир, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Чиндүн, Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй, БНХАУ-ын Жэжян мужийн Ли Шүй хотын захиргаа, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон урчууд зэрэг нийт 100 гаруй хүн энэ үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцов.

Элчин сайд Шин Хаймин “Ли Шүйгийн гурван эрдэнэ” үзэсгэлэн Монгол Улсад болж буйд юуны өмнө баяр хүргээд, “Хятад Монгол хоёр орон бол сайн найз, сайн хөрш, сайн түнш бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын найрамдалт харилцаа урт удаан жилийн түүхтэй. Энэ он гарснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, саяхан Монголын Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад оролцож, Хятад Монголын олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг цаашид тэлэн өргөжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Хүмүүнлэгийн салбар дахь харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ удаа ‘Ли Шүйгийн гурван эрдэнэ’ үзэсгэлэнг Монголд ажиллуулж буй нь хоёр орны удирдагчдын холбогдох нэгдсэн ойлголт хэрэгжиж байгаагийн үр дүн, мөн ч хоёр орны хүмүүнлэгийн салбарт өнгө гэрэл нэмсэн баярт үйл явдал юм” хэмээн тэмдэглэжээ.

“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Хятадын гар урлалын болон урлагийн бүтээлийн дэлхийн үзэсгэлэнгийн анхны үзүүлбэр болох “Ли Шүйгийн гурван эрдэнэ” үзэсгэлэнг Монголд амжилттай ажиллуулж байгаа нь Хятад Монгол хоёр орны ард иргэд сэтгэл зүрхээрээ холбогдож буйн чухал илрэл юм. Энэ нь хоёр орны хөгжлийн стратегийг холбоход ард иргэдийн санаа сэтгэлийн бат бэх үндэс суурь болж байна. Монголын урчууд ч БНХАУ-д уран бүтээлийн үзэсгэлэн ажиллуулж, Монгол соёлыг Хятадын ард иргэдэд улам өргөнөөр танилцуулах боломж бүрдүүлэхийг бид сайшаана гэж тэрээр илэрхийллээ.

Монгол Улсын НИТХ-ын дарга С.Амарсайхан Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, хоёр талын соёлын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд, "Нэг бүс, нэг зам”-“Ли Шуйгийн гурван эрдэнэ” үзэсгэлэнг НИТХ Хятадын талтай хамтран зохион байгуулж байгаад баяртай байгаагаа юуны өмнө илэрхийлж, “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхжиж, сайн хөрш, сайн хамтрагчийн харилцаагаа гүнзгийрүүлсээр байгаа билээ. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй, соёлын хамтын ажиллагаанууд тогтмолжиж байгаа нь олон талын найрсаг хамтын ажиллагааг бий болгоход томоохон хувь нэмэр болж байгаа юм” гэлээ.

“Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүмүүнлэг, соёлын солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. “Ли Шуйгийн гурван эрдэнэ” үзэсгэлэн Чин гүрний үеийн шаазан, сийлбэрүүдэд суурилсан, уламжлалт гар урлалын соёлоор төгөлдөржиж хоёр улсын уламжлалт соёлын харилцааны хөгжлийг хамтран урагшлуулсан, соёлын харилцааг илүү нягтруулж, Монгол, Хятадын гар урлал, соёлын бүтээлүүдийн нийлэмжит хөгжлийг урагш түлхэхэд хувь нэмрээ оруулж буй өв соёл, үнэт зүйлсийн нэг юм. Цаашид Монгол, Хятадын соёл түүхийг харилцан сурталчлах, хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг дэмжихэд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад Улаанбаатар хотын зүгээс үргэлж нээлттэй бөгөөд хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ С.Амарсайхан илэрхийлэв.

Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Жэжян мужийн 27 уран бүтээлчийн 32 уран бүтээлийг дэлгэн үзүүлэх бөгөөд тэд Монголын үндэсний музейд “Ли Шүйгийн гурван эрдэнэ” зэрэг гар урлалын ховор нандин уран бүтээлээ бэлэглэх юм.

Монгол Улс дахь Жэжян мужийн бизнесийн холбооноос мөн “Цовоо сэргэлэн ажиллагаа” арга хэмжээг зохиож, тус үзэсгэлэнгийн хэсэг үзүүлбэр эд зүйлсийг дуудлагын худалдаагаар худалдаалах бөгөөд түүнээс олсон мөнгөө Монголын хэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд чихний дунгийн суулгацад зориулан хандивлах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123181042