Ли Кэчян Болгарын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв
2018-07-08 13:40:37 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 06-ны өдөр Софи хотноо Болгарын ерөнхий сайд Бойко Бориссовтой хэлэлцээ хийж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, хөдөө аж ахуй, чанарын шалгалт, банк санхүү зэрэг салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны олон төрлийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Ли Кэчян: Ирэх онд болох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор гараа болгож, Болгарын талтай дээд давхаргын хэлхээ холбоогоо хадгалж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ашиг сонирхлын уялдааг эрчимжүүлэн Хятад, Болгарын харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр: Хоёр орны засгийн газрын салбар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутаг зэрэг бүх шатны солилцоог эрчимжүүлж, хоёр талын язгуур эрх ашиг, анхаарал хандуулж буй гол асуудлаар харилцан дэмжинэ. Мөн хөгжлийн стратегиа уялдуулж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, авто зам, төмөр зам, дэд бүтцийн барилга байгуулалт, цөмийн эрчим хүч, аж үйлдвэрийн парк зэргийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хялбарчилна. Хятадын засгийн газар бодит хүчин чадал бүхий аж ахуйн нэгжүүдээ Болгарт хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг дэмжинэ. Болгар улс хөнгөлөлттэй бодлого, бизнесийн таатай орчин бүрдүүлэхийг хүсэж байна. Хятадын зах зээлийн шаардлагыг хангасан Болгарын өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улам ихээр импортлоход Хятадын тал бэлэн байна. Хятад иргэдэд визийн үйлчилгээг хялбарчлахыг Болгарын талаас хүсэж байна гэжээ. Ли Кэчян хэлэхдээ: Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа бол Хятад Европын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад, Европын харилцаатай эн зэрэгцэх харилцаа юм. Хятадын тал Европын интегралчлах үйл явцыг дэмжиж, эв санаа нэгтэй, тогтвортой хөгжсөн Европын холбоо байхыг хүсэж байна гэжээ.

Олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалах, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх, худалдааны маргааныг зогсоох асуудлаар Ли Кэчян хэлэхдээ: Хятад улс худалдааны маргааныг эхлүүлэхгүй, худалдааны дайн хийх санаачилга гаргаагүй. Гэвч нөгөө тал гаалийн татвар нэмж хураах зэрэг аргаар худалдааны дайн өдөөвөл Хятадын тал хариу арга хэмжээ авна. Энэ нь өөрийн хөгжлөө төдийгүй, ДХБ-ын дүрмийг хамгаалж буй хэрэг юм. Худалдааны дайнд ялагч гэж үгүй. Харин түүний уршгаар хоёр талын аж ахуйн нэгж, хэрэглэгчид хохирч, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлнө. Дайн гарвал бусад талууд ч хохирно. Гадаад байдалд ямар өөрчлөлт гарснаас үл хамааран Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөн, өөрийн ажлаа сайтар хийж, эдийн засгаа тогтвортой, эерэг чиглэлээр хөгжүүлнэ гэжээ. Бориссов: Болгар улс өөрийн давуу тал, хэрэгцээ шаардлагадаа үндэслэн Хятадын дэд бүтцийн барилга байгуулалтын дээд технологи, туршлагыг ашиглан, Хятадын талтай авто зам, боомт, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтын талаар хамтран ажиллахад бэлэн байна. Төв, Зүүн Европ-Хятадын удирдагчдын уулзалтаар “16+1” хамтын ажиллагаа бол геополитикийн индэр биш, зах зээлийн зарчимд нийцсэн харилцан ашигтай хамтын ажиллагаа бөгөөд Европын холбоо, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаанд ашигтай гэдгийг дэлхий нийтэд харуулахыг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123100283