Хятад Африкийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
2018-05-03 16:22:02 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад, Африкийн орнуудын олон салбарын хамтын ажиллагаа улам нягтрахын хэрээр олон тооны жуулчин Хятад, Африкийн хооронд зорчдог болжээ. 2015 оны 8-р сард Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компани буюу “China Southern Airlines” компани Гуанжөү хотоос Кенийн нийслэл Найроби хүрэх шууд нислэг гаргаж, Хятадын иргэний агаарын тээврийн компаниас Хятад, Африкийн хооронд шууд нислэгийн маршрут нээсэн агаарын тээврийн анхны компани болжээ. Энэ 7-р сард Гуанжөү-Найроби чиглэлд 7 хоног тутамд хоёр нислэг байсныг гурав болгож, тус компани Африкийн агаарын тээврийн зах зээлийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ Хятад, Африкийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулахын төлөө ажиллаж байна. Энэ тухай Хятадын Төв радио телевизээс Кенид суугаа сэтгүүлч Ван Шиньжүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Кени бол аялал жуулчлалын нөөц ихтэй орон бөгөөд эдийн засгийн хөгжлөөр Төв, Зүүн Африктаа тэргүүлдэг. Нийслэл Найроби нь тус тивийн алдартай хот билээ. Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компанийн Найроби дахь хэрэг эрхлэх газрын менежер У Вэйжүнь: Гуанжөү-Найроби чиглэлээр шууд нислэг гаргасан нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад зохицсон, тус компанийн Африк дахь хөгжлийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, Хятад, Кени, мөн Африкийн зүүн, өмнөд бүс нутгийн орнууд хоорондын аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцаа солилцоонд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна хэмээн танилцуулсан юм.

“Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компани 2015 оны 8-р сард Хятад Кенийн хооронд зорчигч тээврийн шууд нислэгийн анхны маршрут нээсэн. Тус маршрутыг нээснээс хойш манай компани “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад, Кенийн аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцаа солилцоог нэмэгдүүлэхээр хичээн зүтгэж, бүтээгдэхүүнээ улам сайжруулан, зорчигчдын аяллын тав тухтай байдлыг дээшлүүлсээр ирлээ. Бид орон нутагт зах зээлээ өргөжүүлж байгаа бөгөөд Кенийн Аялал жуулчлалын товчоо, Агаарын тээврийн агентын холбоогоор дамжин, мөн агент, компаниудтай хамтран ажиллаж, манай компанийн Африк тив дэх агаарын тээврийн маршрутын сүлжээг улам боловсронгуй болгож байна.”

Статистик бүртгэлээс үзвэл, 2017 онд Хятад улсаас Кенид 69 мянган хүн жуулчилсан нь Кенид аялсан гадаадын жуулчдын 5.5 хувийг эзэлсэн бөгөөд цаашид жуулчдын тоо улам нэмэгдэх боломжтой гэж Кенийн тал төсөөлж байна. Кенийн Аялал жуулчлалын товчооны бүс нутгийн зах зээл хариуцсан менежер Бетти Ичан: Кенид ирж аялах Хятадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж их бий. Энэ нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад ихээхэн тустай юм гэжээ.

“Хятад бол Кенийн аялал жуулчлалын чухал зах зээл, Кенид жуулчлах 5 том эх үүсвэрийн нэг учраас Хятадаас Кенид маш олон жуулчин ирдэг. Энэ оны сүүлч хүртэл Хятадын 100 мянган жуулчныг татах зорилт тавьсан бөгөөд Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компани, Кени дэх Хятадын харьяат нарын аялал жуулчлалын нийгэмлэгийн дэмжлэгээр Хятадын жуулчид нэмэгдэх боломжтой гэж бодож байна. ДХБ-ын бүртгэлээс үзвэл, Хятад улс гадаадад аялах жуулчдын тоогоороо дэлхийн тэргүүлж байна. Хятадын жуулчдыг татах нь манай эдийн засагт тустай. Хятадын жуулчид нэмэгдсэнээр, Кенийн зочид буудлууд ашиг олж, ажлын байр нэмэгдэн, Кенийн эдийн засагт үр шимээ өгөх юм”

Кени дэх Хятадын харьяат нарын аялал жуулчлалын нийгэмлэгийн гишүүн, Хятад, Африкийн аялал жуулчлалын нийгэмлэгийн тэргүүн Ли Ваньшинь Кенид Хятадын жуулчдыг авах чиглэлээр 12 жил ажиллажээ. Тэрээр Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компани нислэгээ нэмснээр Хятадын улам олон жуулчин Кенид аялах болно хэмээн үзэж байна.

“Сүүлийн хэдэн жилийн хөгжлийн чиг хандлага, манай улсын жуулчдын эх үүсвэрээс үзвэл, улам сайжирч байгаа нь илэрхий байна. Арваад жилийн өмнөд Хятадын далайн дагуу, эсвэл нийслэлийн жуулчид ирдэг байсан бол одоо Хятадын бүх нутгийн жуулчид Африкт ирж жуулчлах хэрэгцээтэй болжээ. Эндхийн экологийн тэнцвэртэй байдал маш сайн хадгалагдсан, Кенийн аялал жуулчлал эх байгалийг хамгаалахыг онцгой чухалчилдгийг ирсэн жуулчид бүхэн мэдэрдэг.”

Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компанийн Найроби дахь хэрэг эрхлэх газрын менежер У Вэйжүнь: Кени дэх Хятадын харьяатуудын аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоогоо эрчимжүүлж, хамтдаа аялал жуулчлалын орчныг сайжруулан, үйлчилгээний баталгааг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтойг манай компани ухамсарласан. Мөн Кени зэрэг Африкийн бусад орны улам олон жуулчин Хятад улсад очихыг хүсэж байна гэжээ.

“Энэ оны 7-р сарын 10-наас эхлэн Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компани Гуанжөү-Найроби чиглэлийн нислэгээ нэмж, 7 хоногт гурван удаа ниснэ. Ингэснээр зорчигч тээврийн хэмжээ зохих хэмжээгээр нэмэгдэнэ. Одоо зорчигчдын дийлэнх нь Хятадын жуулчид байгаа учраас бид орон нутгийн жуулчдын эх үүсвэрийг өргөжүүлэхийг хүсэж байна. Орон нутгийн жуулчдын эх үүсвэр нь Кениэс гадна Зүүн Африкийн бусад орон юм. Бид Кенийн иргэний агаарын тээврийн компанитай хамтран ажиллаж байгаа учраас тус орны жуулчид эхлээд Кенийн агаарын тээврийн компаниар зорчиж, дараа нь Хятадын Өмнөдийн агаарын тээврийн нислэгээр Хятад улсад, эсвэл тус компанийн бусад маршрут хүрсэн газар очиж болох юм.”

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122778164