Ши Жиньпин гадаадад нээлттэй байдлаа өргөтгөх арга бодлогын тухай мэдэгдэв
2018-04-10 16:26:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

10-нд, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны хурал Хайнань мужийн Бө-Ао хотноо нээлтээ хийв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд үг хэлж, зах зээлд орох стандартаа сулруулж, хөрөнгө оруулалтыг татах орчин бий болгон, оюуны өмчийн эрхийг хамгаалахаа эрчимжүүлж, импортыг нэмэгдүүлэх зэргийг багтаасан нээлттэй байдлаа өргөтгөх 4 зүйлийн арга хэмжээг мэдэгдэж, Хятадын гадаадад нээлттэй байх үйл явц шинэ байдалтай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Хятад улсын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Өөрчлөлт нээлтийн үйл явц бол Хятад улс болон дэлхийн хамтын хөгжил дэвшлийн аугаа үйл явц юм. Өөрчлөлт нээлтийн үйл явц Хятад улсад гүнзгий өөрчлөлт оруулж, дэлхий дахинд ч гүнзгий нөлөөлсөн билээ. ХКН-ын XIX их хурал Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсныг мэдэгдэж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх шинэ хуудсыг сөхөж, Хятад улсын дэлхий дахинтай уялдан хөгжихийг эрчимжүүлэх шинэ хуудсыг нээсэн юм. Хятад улс эрс шийдэмгийгээр өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөн, дэлхий дахинтай хөл нийлүүлэн урагшлах болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улс даатгалын салбарын нээлттэй болгох үйл явцаа түргэтгэж, гадаад хөрөнгийн банк санхүүгийн байгууллага байгуулах хязгаарыг сулруулан, гадаад хөрөнгийн банк санхүүгийн байгууллагын Хятадад үйл ажиллагаа явуулах хүрээг тэлж, гадаад дотоодын банк санхүүгийн зах зээлийн хамтын ажиллагааны салбарыг өргөтгөнө. Энэ оны эхний хагаст Хятад улс гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтад өөрчлөлт оруулах ажлыг дуусгавар болгож, хөрөнгө татан оруулах үед дотоодын аж ахуйн нэгжүүдтэй адил хандаж, сөрөг жагсаалт хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлнэ. Энэ онд Хятад улс Оюуны өмчийн эрхийн үндэсний газрыг шинээр байгуулж, хууль хэрэгжүүлэх хүчийг боловсронгуй болгон, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн оюуны өмчийн хууль ёсны эрхийг хамгаална. Үүнээс гадна, энэ жил Хятад улс авто машины гаалийн татварыг нэлээд ихээр бууруулахын зэрэгцээ мөн бусад зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулж, ард иргэдийн шаардлага ихтэй, өвөрмөц давуу талтай бараа бүтээгдэхүүнийг түлхүү импортолж, ДХБ-ын "засгийн газрын худалдан авах хэлэлцээр”-т нэгдэн орох үйл явцаа түргэтгэнэ гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: "Нэг бүс нэг зам"-ыг бүтээн байгуулах санаачилга Хятад улсаас үүдэлтэй боловч боломж, үр дүн нь дэлхий дахиных юм. Талууд хамт зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамдтаа хуваалцах зарчмыг баримталбал "Нэг бүс нэг зам"-ыг дэлхийн эдийн засгийн даяаршлын урсгалд нийцсэн, олон улсын хамтын ажиллагааны хамгийн өргөн хүрээг хамарсан талбар болгон байгуулах хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122661542