“Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ
2019-12-03 16:51:57 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол улсын гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орон” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ нь түүний гадаадад гаргаж буй гурав дахь удаагийн үзэсгэлэн юм байна.

Үзэсгэлэнг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар нээж хэлсэн үгэндээ “Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн жил Монголын гэрэл зурагчдын олон бүтээл Хятад улсад хэвлэн нийтлэгдэж, үзэсгэлэн болон гарч байгаагийн нэг нь “Хөх тэнгэрийн орон” хэмээх энэхүү үзэсгэлэн юм. Энэ үзэсгэлэн нь 40 зургаас бүрдэж байгаа хэдий ч дөрвөн улирлын өнгө хийгээд Монгол түмний эрт эдүгээгээс энэ цагийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүд гэдгээрээ онцлогтой. Тус үзэсгэлэн нь Монгол орноо гадаадад сурталчилсан манай салбарын зайлшгүй нэг томоохон ажил боллоо” гэв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Хятадын гэрэл зургийн нийгэмлэг, соёлын салбарын өндөр дээд албан тушаалтнуудаас гадна Монгол Улсын БСШУС-ны Дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нарын хүндэт зочид оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь энэ сарын 1-3-ны өдрүүдэд Бээжин хотноо зохиогдож буй Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь юм. Үзэсгэлэн Хятадын Олон улсын соёлын солилцооны төвийн Үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120691125303441