Өвлийн спортын наадмын сүлд, бэлгэ тэмдэг бүтсэн түүх
2019-10-16 16:03:29 Эх сурвалж: Хөх хотын оройн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2022 оны өвлийн олимпын наадмын өмнөх чухал бэлтгэл болох Хятадын өвлийн спортын 14 дүгээр наадам эхлэхэд 125 хоног үлдээд байна. Өвөр монголын хээр талд зохиогдох өвлийн спортын наадам нь манай тамирчдын хувьд сорилт болохуйц томоохон арга хэмжээ юм. Тус наадмын уур амьсгал эргэн тойронд мэдрэгдэж, энд тэндгүй наадмын сүлд, бэлгэ тэмдэг харагдах болов. Энэхүү сүлд болон бэлгэ тэмдгийг зохиогч үүнийгээ хараад ямаршуухан сэтгэгдэлтэй байгаа бол. Аравдугаар сарын 12-ны үдээс хойш бид Өвөр монголын Боловсролын их сургуулийн Залуучуудын улс төрийн коллежийн Урлагийн тэнхимийн захирал Бао Хүлиньтэй уулзлаа.

Сүлд хийгээд Өвөр монголын хээр тал

Өвлийн спортын наадмын сүлдийг зохиохдоо монгол бичгийн “Өвөл” гэх үсгийг дизайны гол тулгуураа болгожээ. Бао Хүлинь, “Жилийн өмнө санаандгүй тохиолдлоор сурагчдаасаа энэхүү наадмын сүлд болон бэлгэ тэмдгийн загварыг бүтээж буй тухай дуулсан. Өвөр монгол хүний хувьд нутаг усандаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн. Үүний зэрэгцээ бүх нийтээр спортоор хичээллэхийг уриалахын хамт спортын хүчирхэг гүрнийг байгуулах үйлсэд нэгдэж, эл давалгаанд оролцохыг хүссэн. Наадмын сүлдийн загварыг зохиохдоо өнгөрсөн жилүүдийн наадмын сүлдийг нарийн судалсан. Бүгд л “Өвөл” гэдэг үсгийг оруулсан байхыг хараад би ч энэ санаанд тулгуурлан бодож сэтгэж эхэлсэн” хэмээв.

“Өвөл” гэдэг үгийг Өвөр монголын хээр талтай яаж холбох вэ? Уран бичлэгт дуртай тэрээр монгол бичгээр сүлдийн загварыг зохиох санаа төржээ. “Монгол бичгийн “Өвөл” гэдэг үсгийг Хятадын “冬”үсэгтэй төстэй болгон бичиж болохыг мэдээд их олзуурхан, удалгүй монгол бичгийн “Өвөл” гэх үсгийг сүлдний гол хэсэг болгож, олимпын 5 цагирагийн өнгөөр алаглуулан, засвар чимэг оруулж, эцсийн загвараа гаргасан” гэж Бао Хүлинь наадмын сүлдний загвар зохиосон тухайгаа ийн өгүүлэв.

Монгол бичиг бол Өвөр монголын онцлогтой соёлын бэлгэдэл ба монгол бичгээр өвлийн спортын наадмын сүлдийг бий болгох нь хамгийн зөв шийдэл юм. Бао Хүлинь, Өвөл гэдэг монгол үсэгтэй наадмын сүлд нь Өвөр монголын хээр талын илэрхийлэл болж, улмаар зочдод Өвөр монголын халуун дулаан мэндчилгээг мэдрүүлэх нь тодорхой юм гэлээ.

Үндэстний соёлын агуулга шингэсэн наадмын бэлгэ тэмдэг

Ханцуй, хормойг нь харвал хурган нэхий дээл өмссөн гэдэг нь тодорхой, монгол дээлийн эрэгтэй, эмэгтэйн хоёр өөр загвар, баясан бүжиглэж буй хос залуус... Өвлийн спортын 14 дүгээр наадмын бэлгэ тэмдэг энэ юм.

Хагас жилийн хугацаанд 40 гаруй загвар гаргаж, олон дахин сольж өөрчлөн байж өнөөдрийн энэ бэлгэ тэмдгийг бүтээжээ. Тэрээр хэлэхдээ, “Би уламжлалт бэхэн зураг сурсан. Бэлгэ тэмдэг зохиох нь надад цоо шинэ ажил байсан учраас үнэхээр хэцүү байсан. Тиймээс эхлээд санаагаа гаргаж, Хятадын уламжлалт зургийн өнгө будаг ил тод байдаг онцлогийг харуулахыг зорьсон” гэв.

Өвөр монголд зохиогдох наадмын бэлгэ тэмдэг учраас хээр талын онцлог туссан байх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол нь, тиймээс монгол үндэсний дүрээр бэлгэ тэмдгээ зохиохоор Бао Хүлинь шийдлээ. Тэгээд л дээлтэй хүүхдүүдийг зурж эхэлсэн. Зуны тэрлэг байснаасаа нэхий дээл болж, бамбар өргөж буй бөх хүний дүрээс бандгар хөөрхөн хүүгийн дүр гээд олон удаа засан байж, бэлгэ тэмдгийн загвараа гаргажээ. Ийнхүү 40 гаруй удаа зурж байж, санаанд нийцсэн зургаа гаргаж авчээ.

Өвлийн спортын наадам учраас хурган нэхий дээл, улавчтай зузаан гутал зэргийг оруулсан. Үүнээс гадна спортын наадам нь ӨМӨЗО-ы хувьд том үйл явдал учраас дээл өмсгөлдөө зүүн, баруун хоёр нутгийн онцлогийг уялдуулан, бүх нутгийг хамарч байгаа утгыг илэрхийлэв. Жаал хүүгийн дээлэнд Дөрвөд хошууны Цахар аймгийн хувцасны онцлогийг, бяцхан охины дээлэнд Хөлөнбуйрын Буриад ястны онцлогийг харуулжээ. Үйл хөдлөлийн хувьд гүйж байгаа болон монгол бүжгийн хөдлөлийг харуулав. Үндэсний ил тод онцлогууд уусан нэгдэж бэлгэ тэмдгийг бүтээжээ. Тэднийг мөн “Анд”, “Сайн уу” хэмээн нэрлэж, холын зочдоо халуун дотноор угтаж буй сэтгэлээ илэрхийлэв.

Хүмүүсийн сэтгэлд хүрч хүлээн зөвшөөрөгдөв

2018 оны эхнээс хагас жилийн хугацаанд Бао Хүлинь дизайн гаргах, загвараа тушаах, эцсийн шалгаруулалтад үлдэх зэрэг олон үйл явцыг өнгөрүүлж, түүний зохиож төлөвлөсөн сүлд болон бэлгэ тэмдэг нь албан ёсоор сонгогдож, олонд ил болохыг хүлээж байсан ч их л тайван байв. Тэрээр хэлэхдээ, миний бүтээл олонд хүрэхийг би догдлон хүлээж байсан ч тайван байсан. Хэвлэлийн бага хурлын өмнө би ямар ч бэлтгэлтэй байгаагүй. Бээжинд хэвлэлийн бага хуралд бэлдэж байх үед найз маань монгол дээлтэйгээ оролцож, Өвөр монголын ард түмний онцлогийг харуулах ёстой гэж зөвлөсөн. Гэвч би ямар ч дээл бэлдээгүй, найз маань эрэл хайгуул болж байж, хэвлэлийн бага хурал эхлэхийн өмнөх орой надад дээл авчирч өгч билээ. Тэр үед маш догдолсон, ойр тойрны хүмүүс маань намайг дэмжиж, анхаарал тавьж буйд баярлан, өөрийнхөө хийж буй зүйлээрээ бахархах сэтгэл төрсөн. Хэвлэлийн бага хурлын дараа “Анд”, “Сайн уу” хоёрын хүүхэлдэй гэх мэт олон бүтээгдэхүүн дагалдан бий болов. Нэг удаа нэгэн ахмад хүн хүүхэлдэй барьсан залууд, Барьж тавихдаа болгоомжтой, эелдэг байгаарай, “Анд”, “Сайн уу” хоёр бидний хүүхэдтэй адилхан юм шүү гэж хэлэхийг сонсоод би уйлсан юмдаг. Хүмүүс бүтээлийг маань чин сэтгэлээсээ хайрлаж байгаа нь миний хувьд хамгийн том амжилт юм гэв.

Багшийн ажлын туршлага уран бүтээлийнх нь суурь болов

Бао Хүлинь монгол үндэсний соёлыг “Хөөрхөн, үзэсгэлэнтэй, гайхалтай” хэмээн дүгнэж байна. Соёлын баялаг агуулгатай энэ сүлд, бэлгэ тэмдгийг зохиохын тулд хир зэрэг судалгаа хийсэн бол гэж та бүхэн сонирхож магадгүй. Тэгвэл та одоо Бао Хүлинь хатагтайн ажил амьдралтай танилц.

1987 онд төрсөн нутаг Тунлю хотоосоо Өвөр монголын Боловсролын их сургуулийн Уран зургийн ангид ирж суралцан, 1991 оноос эхлэн уран зургийн багшийн ажлын гараагаа эхлүүлжээ. Урлагийн салбарын багш хүний хувьд соёлын мэдлэг, авьяас билэг тэгш байх учиртай. Үндэсний соёл урлагийн өв тээгчийн үүргийг гүйцэтгэх ёстой болсноо тэрээр ухааран эдгээр жилүүдэд Өвөр монголын баруун зүүн нутгаар олон удаа явж, өв соёлыг ойлгон, заан сургах ажилдаа мэдлэг мэдээлэл хуримтлуулж, уран бүтээлийн санаа оноогоо авч байсан нь “Өвлийн спортын 14 дүгээр наадам”-ын сүлд болон бэлгэ тэмдгийг зохиоход нь суурь болжээ. Тэрээр хэлэхдээ, хүмүүс “Өвлийн спортын 14 дүгээр наадам”-ын сүлд болон бэлгэ тэмдгээр дамжуулан чамайг таньдаг болсон. Одоо танд ямар санагдаж байна. Багшийн ажлаа үргэлжлэн хийх үү? Амьдралд тань ямар өөрчлөлт гарав хэмээн асуудаг болсон. Ямар ч өөрчлөлт гарсангүй, сурган хүмүүжүүлэгч болсны хувьд үргэлжлүүлэн хичээлээ зааж, үндэсний соёл урлагийг өвийг өвлөх шилдэг сурагчдыг хүмүүжүүлэхээр хичээн ажиллах болно гэж би хариулдаг гэлээ. \Сурвалжлагч Шүй Тин\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125111929