"Хятадын соёлын долоо хоног-2018” арга хэмжээ боллоо
2018-06-07 16:04:21 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын Төв аймгийн Зуунмод хотод БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Төв аймгийн ЗДТГ хамтран "Хятад, Монгол хоёр орны найрамдалт харилцаа бат оршиг" уриан дор "Хятадын соёлын долоо хоног-2018" арга хэмжээг энэ сарын 5-нд зохион явууллаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн тэргүүн Ли Вэй, ЭСЯ-ны Улс төрийн газрын дарга Гү Имин, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд нийт 1000 шахам хүн тус арга хэмжээний нээлтийн ёслолд оролцжээ. Элчин сайд Шин Хаймин тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хятад, Монгол хоёр орон хаяа нийлэн оршдог сайн хөрш, сайн найз, сайн түнш бөгөөд хоёр орон урт хугацааны найрамдалт харилцаатай юм. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үед хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосон. Одоо улс төрийн итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын харилцаа Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжлийн гурван хөдөлгүүр боллоо. 2018 он бол Хятад, Монолын харилцаанд маш их хөгжил дэвшил авчирсан жил болж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад улсад амжилттай айлчилж, удалгүй болох ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох гэж байна. Энэ бүхэн Хятад, Монгол хоёр улсын хөгжилд олон шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Төв аймаг, Хятадын Гирин, Шанхай зэрэг муж, хоттой харилцаа хөгжүүлж, хоёр орны харилцааг ахиулахад хувь нэмэр оруулсаар ирлээ. Саяхан миний бие Төв аймагт болсон төв нутгуудын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, хоёр орны орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулах асуудлаар олон нийтлэг ойлголтод хүрсэн. Төв аймаг Хятадын орон нутгуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, хоёр орны хөгжлийн стратегийг бодитоор уялдуулах үйлсэд Хятадын ЭСЯ дэмжлэг үзүүлнэ.

“Хятадын соёлын долоо хоног” арга хэмжээг зохион явуулж, Хятадын ард түмний найрсаг сэтгэлийг уламжлан, Хятадын соёлын сор болсон зүйлсийг Монголын ард түмэнд танилцуулж байна. Энэхүү арга хэмжээгээр дамжиж, Монголын ард түмэн Хятад улсыг улам илүү ойлгож, Хятадын соёлыг улам сонирхдог болно гэдэгт итгэж байгаагийн зэрэгцээ, баялаг агуулгатай соёлын энэ арга хэмжээ Төв аймгийн хөгжилд ажил хэрэгч хамтын ажиллагааны улам их боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрээр ярилаа.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, “Хятад бол Монгол Улсын мөнхийн хөрш. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, ялангуяа Хятадын санаачилсан “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалт Монголын ард түмэнд бодит үр ашиг хүртээж байна. Төв аймагт Хятадын буцалтгүй тусламжийн болон хөнгөлөлттэй зээлийн олон төсөл хэрэгжиж, Хятадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулж бизнес эрхлэн, Төв аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Бид Хятадын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг дэмжиж, Хятадын соёлыг олон нийтэд танилцуулна. Хятадын соёлын долоо хоног хэмээх энэ баялаг агуулгатай арга хэмжээнээс Монголын ард түмэн Хятадын соёлын гайхамшигийг мэдэрч, Монгол Хятад хоёр орны ард түмний найрсаг харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нээлтийн арга хэмжээний дараа Элчин сайд Шин Хаймин, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нартай уулзалт хийж, Хааны өвлийн ордон музейн соёлын инноваци, бүтээгдэхүүний үзэсгэлэнг хамтдаа үзсэн юм. Нээлтийн ёслолд Хятадын Тяньжинь хотын “Хүө Юаньжя”-гийн нэрэмжит Үшүгийн сургуулийн сурагчид үшүгийн тоглолт, ӨМӨЗО-ны Тунляо хотын Үндэсний дуу бүжгийн чуулга болон Монгол Улсын Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчид үндэсний онцлогтой дуу бүжгийн тоглолт хийж, хурсан олныг баясгажээ.

Гурав хоног үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд Төв аймгийн төв Зуунмод хотод “Уламжлал ба инноваци-Хятадын соёлын инноваци бүтээгдэхүүний үзэсгэлэн”, “Хориотой хотыг илрүүлсэн нь” хэмээх хааны өвлийн ордон музейн танин мэдэхүйн үзэсгэлэн, номын үзэсгэлэн гаргах, жүжиг тоглох зэрэг олон хэлбэрээр Монголын ард түмэнд Хятадын соёлыг танилцуулж, Хятадын соёлын тухай монголчуудын ойлголтыг нэмэгдүүлэн, хоёр орны хүмүүнлэгийн салбарын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах болно. /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122952225