Малчин Нарантуяa Дээсэн соёлын холбоо байгуулж уламжлалт соёлоо дэлгэрүүлж явна
2018-04-04 10:36:02 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын 4-р сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ   Нарантуяa бол ӨМӨЗО-ны Шилийн хотын Булган сумын Баяндэлгэр гацааны малчин бүсгүй юм. Сүүлийн үед тэрбээр “Дээсэн соёлын холбоо” байгуулж, олон урчуудыг цуглуулж уламжлалт гар урлалын соёлоо уламжлан бадруулж явна.

Нарантуяа хэдийгээр дөнгөж тавин нас хүрч байгаа боловч, хараахан багаасаа дээс хялгасны урлал сайн оролддог эмээ болон ээжийнхээ нөлөөлөл ба өөрийн дур бахдаа хөтлөгдөн, хялгас ноос зулахаас аваад монгол гэрийн оосор бүслүүр тамж хийх, эмээлийн олом жирэм, ногт бурантаг тамж оёх зэрэг уламжлалт дээсэн үйлийг бүр эзэмшиж авчээ. Тэр дээсэн үйлийг сайхан хийхээр барахгүй исгий ширмэл, дээл тэрлэг оёхдоо ч сайн байдаг.

Дээсэн соёлын холбоо байгуулсан тухайгаа тэрбээр "Өөрөө дээсэн үйл, исгий ширмэл, оёдол хийдэлд их дуртай, ингээд ганцаар гэртээ оёж хийгээд суухаар дээсэн соёлын холбоо байгуулаад бүтээлээ дэлгэж, харилцан суралцаж, уламжлалт соёл урлалаа өргөнөөр ухуулж, хөгжүүлэн дэлгэрүүлж, үр хойчистоо уламжлан үлдээе гэж бодсон юм. Тэгээд өнөө жилийн 3-р сарын дундуур тус холбоог байгуулсан. Санаснаас гадуур манай аймгийн хошуудын гар урчуулаас гадна Алша, Баяннуур, Хөлөн буйр, Түнляо, Улаанхад зэрэг ӨЗО-ны хэмжээний дээс, исгий ширмэлчин, малын эвэр, ясан сийлбэрчин, монгол гэр, модон тэрэг, эмээл, ногт хийдэг модон эдлэл, сур эдлэлийн урчууд ба монгол хувцас заслын оёдолчин зэрэг монгол соёл, үйлдвэрлэл амьдрал, зан үйлтэй холбогдох олон зүйлийг хийдэг урчууд оролцож их хөгжөөнтэй байна” гэж баярлан хэлэв.

Одоохонд, Дээсэн соёлын холбоонд олон газрын залуу, идэр, өтлөө насны гурван үеийн урчууд өөрсдийнхөө урлаж бүтээсэн монгол гэрийн оосор бүслүүр, тойруулга ширдэг, богц сав, эвэр, ясан сийлмэл урлал, сур эдлэл, монгол гэр, модон тэрэг зэрэг бүтээлээ хийхээс гадна дэлгэн үзүүлж, санаа бодлоо солилцож, харилцан урам зориг хайрлан зоригжуулцгааж байна. Тус холбооны гишүүн болох Авга хошууны малчин Алтанцэцэг: "Тус холбоог сэдэж байгуулсан Нарантуяадаа баярлаж байна. Ийм сайхан холбоо байгуулж, уламжлалт үйл урлалдаа хайр бахтай, санаа оноо нэгтэй нутаг нутгийн урчуудыг уулзууулж, харилцан суралцах сайхан тохиол олголоо. Манай гэрийнх бүгдээрээ дээс, исгий, монгол оёдол, яс, сур, модон үйл урлалын бүтээгдэхүүн оролддог юм, одоо энэхүү холбоогоор дамжин урлал бүтээлээ дэлгэн, улам зоригжиж өдөржин баяртай байна” гэлээ.

"Цувж явсан барнаас цугларч суусан шаазгай дээр” гэдгээр Дээсэн соёлын холбоо нь уламжлалт өв соёлоо өвлөн уламжилж яваа өргөн олон гар урчуудаа нэг холбоонд цуглуулж, гар урлалын бүтээлээ дэлгэн, харилцан суралцах сайхан тавцан хангаснаар монгол үндэстний олон сайхан үйл урлал, мэдлэг мэргэжлийг өвлөн уламжилж, хөгжүүлэн дэлгэрүүлэхэд чухал үйлдэл үзүүлж байна.

Цаашдын ажлынхаа талаар Нарантуя: "Дараачаар дээсэн үйл урлалын уралдаан явуулах ба дээс, исгий, мод, сур, ясан урлалын үзэсгэлэн, борлуулга худалдааны ажиллагаа зохион байгуулж, монголчуудынхаа энэ сайхан ур мэргэжлийг нэн олон хүмүүст таниулан, жинхэнэ үнэ өртөгт нь хүргэх бөгөөд орхигдох шахсан үйл урлалаа үр хойчистоо өвлөн уламжилж, улам цааш дэлгэрүүлэн хөгжүүлэх санаатай ” гэжээ. \Зургийг Цармаа\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122632222