Ши Жиньпин Балба улсын Ерөнхий сайд Олитай хэлэлцээ хийв
2019-10-14 16:22:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Катмандугийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Чан Айлин, Чэнь Жы, Мэн На\ Хятад улсын дарга Ши Жиньпин Балба улсын Ерөнхий сайд Олитай Катманду хотод энэ сарын 13-нд уулзав.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, “Хятад Балба нь мөнхийн сайн хөрш, сайн найз, сайн түнш байсаар ирсэн. Одоогоор манай хоёр улс нь үндэсний хөгжлийн шинэ шатанд орсон бөгөөд хоёр орны харилцаа хөгжлийн шинэ боломжуудад хүрч ирээд байна. Өчигдөр миний бие Ерөнхийлөгч Бхандарийн хамт Хятад, Балба хоёр орны хөгжил цэцэглэлт болон үе үеийн найрамдалт харилцааны төлөөх стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулсан. Үүний гол зарчим нь харилцан эрх тэгш, найрсаг хөрш, үе үеийн найрамдалт харилцаатай, бүх талын хамтын ажиллагаатай байх болно. Хятад улс нь Балба улсын хамт хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Хятад, Балбын харилцааны шинэ хуудсыг нээхэд бэлэн байна.

Балбын тал “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж, үндсэн ашиг сонирхлын асуудлаар тууштай дэмжиж байгааг Хятадын тал өндрөөр үнэлж байна. Ямарваа хүн Хятадын аль ч нутагт хагалан бутаргах ажиллагаа үйлдэх нь биелэгдэшгүй, түүний үр дагавар нь зөвхөн өөрийгөө л сөнөөх явдал юм. Хятадыг хагалан бутаргахыг дэмжих аливаа гадны хүчин хий дэмий санаархаж буй хэрэг хэмээн Хятадын ард түмэн үздэг.

Хятад, Балба хоёр талын харилцааг дараах байдлаар төлөвлөх хэрэгтэй. Нэг. Хөгжлийн стратегиар гүнзгий холбогдон, Балбын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахыг Хятад улс дэмжиж, хөгжин цэцэглэсэн Балба, аз жаргалтай Балбачуудын сайн сайхан хэтийн төлөвийг чармайн биелүүлж, Балбын талтай бодлогын харилцаа холбоог бэхжүүлэн, засаглалын чадавхын тал дээр хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна.

Хоёр. Харилцан холбогдох түвшинг сайжруулан эрчимжүүлж, "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг Балбын "Төмөр замаар холбох" бодлоготой холбож, хил дамнасан автозамыг өөрчлөн сайжруулж, хил дамнасан төмөр замын судалгааг эхлүүлж, хилийн боомтыг аажмаар нэмж, хоёр орон хоорондын шууд нислэгийг нэмэгдүүлж, мэдээ холбооны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Эверестийг сундалсан харилцан саадгүй холбогдох цогц сүлжээг түргэн байгуулахад Хятадын тал бэлэн байна.

Гурав. Хятад Балба хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтаа ахиулж, үйлдвэрлэлийн чадавх болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Дөрөв. Иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэн, боловсрол, аялал жуулчлал, орон нутаг зэрэг салбарын харилцааг ахиулна. Хятад улс Балбын газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод тусламж үзүүлсээр байх болно. Мөн усны чанарыг сайжруулах төслийн ажлыг хийж, Эверест уулыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Тав. Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, терроризм, үндсэн дамнасан гэмт хэрэгт хамтран тэмцэж, нийтлэг аюулгүй байдлыг хангана.

Зургаа. Олон талт зохицуулалтыг бэхжүүлэх, олон талт байдал, чөлөөт худалдааны системийг хамтдаа дэмжин, хоёр орны хөгжлийн эрх ашгийг хамгаална” гэлээ.

Ерөнхий сайд Оли БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд халуун мэндчилгээ дэвшүүлээд, “Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улс гайхалтай ололт амжилтад хүрсэн. Хятадын хөгжил цэцэглэлт нь Балбын чухал боломж юм. Ши Жиньпин дарга агуу их Хятадын гарамгай удирдагчаар үл барам Балбын ард түмэн болон дэлхий нийтийн лидер удирдагч юм. Ши Жиньпин даргын айлчлал нь Балба, Хятадын харилцааны түүхэн мөч, Балбын ард түмний баяр баясгаланг үгээр илэрхийлэхэд бэрх. Ши Жиньпин даргын айлчлал нь Балба, Хятад хоёр орны харилцаанд шинэ дүр зургийг бүтээсэн бөгөөд Балба, Хятадын харилцааны шинэ эрин үеийг нээх болно.

Манай хоёр улс нь үнэнч анд найз, түншүүд тул харилцан хүндэлж, харилцан дэмжин, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцолгүй уламжлалт найрамдалт харилцаагаа тасралтгүй хадгалсаар ирсэн. Гадаад орчин хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадад хэрэгжүүлэх Балбын найрсаг бодлого өөрчлөгдөхгүй, хоёр орны харилцааны хөгжлийн хандлага өөрчлөгдөхгүй. Балбын тал Хятад улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг хатуу дэмжиж, “Нэг Хятад” зарчмыг тууштай баримтлан, Балбын нутаг дэвсгэрийг Хятад улсын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулахаар ашиглах аливаа хүчийг хэзээ ч зөвшөөрөхгүй тэмцэх болно.

Балбын тал олон жилийн турш үнэ цэнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн Хятад улсад талархал илэрхийлж байгаа бөгөөд Эверестийг сундалсан харилцан саадгүй холбогдох цогц сүлжээ байгуулахаар Хятадтай хамтран ажиллах хүсэлтэй байна. Хятадын нэн олон жуулчин Балбад айлчлах, Хятадын аж ахуйн нэгж Балбад хөрөнгө оруулалт хийхийг таатай хүлээж авах болно. Дэлхийн энх тайван, олон улсын дэг журмыг сахин хамгаалах Хятад улсын үүргийг Балбын тал өндрөөр үнэлэн, Хятадтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад бэлэн байна” гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны удирдагчид харилцан холболт, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалт, хилийн менежмент зэрэг олон салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг солилцох ёслолд оролцов.

Хоёр тал хамтран "Хятад, Балбын хамтарсан тунхаг”-ийг нийтлэв. Мөн уулзалтад Дин Шюэшян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125102921