Ши Жиньпин Мьянмарын төрийн зөвлөх Анг Сан Су Чиг хүлээн авч уулзав
2019-04-25 16:15:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Бай Жие/БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 24-нд Ардын их хурлын танхимд Мьянмарын төрийн зөвлөх Анг Сан Су Чиг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Хятад Мьянмар хоёр орон нэг голын уснаас ундаалсан тавилан нэгт ахан дүүс юм. Өнөөгийн шинэ нөхцөлд Хятад улс Мьянмар улс лугаа уламжлалт нөхөрлөлөө ахиулан, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны найрамдалт харилцааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлнэ. Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй дашрамд, хоёр талаараа нийт салбарын харилцаа, хүмүүнлэгийн солилцоог ахиулан, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг иргэдийн амьжиргааны хүрээнд нэвтрүүлэн, хоёр орны эв найрамдлын үндэс болсон иргэдийн үзэл бодлыг тасралтгүй нэгтгэн бэхжүүлэхээр ажиллана. Хятадын тал Мьянмарын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлж, Мьянмарын Засгийн газар дотоодын энх тайван, эв нэгдлээ тогтооход гаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж ажиллана. Хоёр орны хил хязгаарын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Хятад улс Мьянмартай хамтран ажиллахыг хүсч байна” гэжээ.

Ши Жиньпин, ”Мьянмарын Засгийн газар “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх удирдах зөвлөл байгуулж, төрийн зөвлөх хатагтайгаар даргалуулсанд Хятадын тал сайшааж байна. Хятадын тал “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Мьянмар улс лугаа харилцан ашигтай хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад Мьянмарын эдийн засгийн коридор байгуулах ажлыг түргэтгэж, хоёр орны иргэдэд нэн олон бодит ашиг тус хүртээнэ” гэж онцолжээ.

Анг Сан Су Чи хэлэхдээ, “Хятад улс бол Мьянмар улсын сайн хөрш, Мьянмарын энхтайван тогтвортой хөгжлийг дэмжиж буй Хятад улсын хүчин зүтгэлд гүнээ талархаж байна. Мьянмар улс “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг дэмжин ажиллаж ирсэн юм. Хятад улс лугаагийн найрамдалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг байгуулах нь дэлхий дахин болон бүс нутагт маш их ач холбогдлыг авчирч, Мьянмар Хятадын нөхөрлөл хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны иргэдэд ашиг тусаа өгч чадна гэдэг итгэл дүүрэн байна. Хил хязгаарын аюулгүй тогтвортой байдлыг хангахын тулд Мьянмарын тал Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс “НҮБ-ын тунхаг бичиг”-ийн зорилт зарчмыг санаачлан хамгаалж байгаад Мьянмарын тал талархан дэмжиж, Хятад улс лугаагийн олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124415423