Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней дэх айлчлалаа эхлүүллээ
2018-11-16 15:07:18 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр тусгай нисэх онгоцоор Моресбид  хүрэлцэн очиж, Папуа Шинэ Гвиней дахь төрийн айлчлалаа эхлүүллээ.

Тухайн орон нутгийн цагаар 20:05 цагт Ши Жиньпингийн тусгай нисэх онгоц Моресбигийн Жексоны Олон улсын нисэх буудал газардсан байна. Ши Жиньпин нисэх онгоцноос гарч ирэхэд талбайд байсан хүмүүс халуунаар алга ташин угтаж, Папуа Шинэ Гвинейн дэд сайд Абэл Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын хамт угтан авав. Папуа Шинэ Гвинейн хүүхэд Ши Жиньпинд соргог цэцэг барьсан ба улаан хивсний хоёр талаар хүндэт харуул жавхаа төгөлдөр зогсож, толгойгоо өдөөр чимж, өвсөн банзал өмсөж, гартаа арьсан хэнгэрэг барьсан бүжигчид бүжгээ бүжиглэж хүндэтгэл үзүүлэв. Мөн нисэх онгоцны буудлын гадна орон нутгийн иргэд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтнууд, Хятадын харьяат иргэд хүрэлцэн ирж, Хятадын төрийн далбааг намируулж Ши Жиньпинд хүндэтгэл үзүүлэв.

Ши Жиньпин Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Папуа Шинэ Гвинейн Засгийн газар, ард түмэнд халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөлөө дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Папуа Шинэ Гвиней бол Номхон далайн арлын улсуудын бүс нутаг дахь чухал улс юм. Хятад, Папуа Шинэ Гвинейн хооронд дипломат харилцаа тогтоосон 42 жилийн туршид хоёр тал харилцан хүндэтгэх, адил тэгш харьцах, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмуудыг баримталсаар ирсэн. Хятад, Папуа Шинэ Гвинейн харилцаа түүхт чанартай хөгжилд хүрсэн нь хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тусыг авчирсан төдийгүй хөгжиж буй орнуудын хоорондын найрсаг харилцааны үлгэр жишээ болсон. Хятадын хөгжил нь Папуа Шинэ Гвинейг багтаасан Номхон далайн арлын орнуудад түүхэн боломжийг олгосон. Миний бие энэ удаагийн айлчлалаар дамжин, Папуа Шинэ Гвинейн удирдагчидтай хамт хоёр орны харилцааг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг боловсруулж, хоёр орны харилцаа холбоог улам ахиулна. Айлчлалын үеэр миний бие арлын улс орнуудын удирдлагуудтай шинэ эрин үеийн хамтын ажиллагаа, хөгжлийн тухай зөвшилцөн, хоёр талын ард түмний сайн сайхны төлөө ажиллах болно. Папуа Шинэ Гвинейн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдлагуудын 26 дахь албан бус уулзалтыг зохион байгуулж буйг Хятад улс дэмжих бөгөөд талуудтай хамтран хурлыг бүрэн дүүрэн амжилтад хүргэж, Ази Номхон далай, дэлхий дахины эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч сэлбэж,  шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ.

Дин Шюшянь, Ян Жечи, Ван И, Хэ Лифэн нар бараа болон айлчилж байгаа ба БНХАУ-аас Папуа Шинэ Гвинейд суугаа Элчин сайд Шю Бин нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж угтан авав.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123724436