Малчин Хосын механкжсан амьдрал
2018-05-18 15:25:45 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн Баянбүрд багийн малчин Хосынд хүрэхэд миний анхаарлыг хамгийн анх татсан зүйл бол энд тэндгүй харагдах мал аж ахуйн машин төхөөрөмжүүд бөгөөд механикжсан байдал нь энэ айлын мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралд зайлшгүй шаардлагатай гэдгийг сурвалжилгын явцад мэдсэн юм.

Өвс хадах машин, өвс боодоллох машин, ачиж буулгах машин, хонь хайчлах машин, өөрчилсөн машин, мотоцикл, хог арилгах машин, трактор зэргээр дүүрсэн энэ малчны хот надад өвөрмөц нэгэн зураглал буулгаж байсан.

Багаасаа машин тоног оролдох дуртай Хос эвдэрхий машин тоноглолыг эвлүүлэн хэрэглээнд оруулах, хашаа саравчаа гагнаж засах гэх мэт бүгдийг өөрөө хийдэг. Өнөөдөр түүн шиг амьдралаа механикжуулан хөдөлмөр хүчээ чөлөөлсөн, мал аж ахуйн өөрийн өртгөө бууруулж чадсан малчин ховорхон санагдана.

Эвдэрч хэрэглээнээс гарсан машины тоног төхөөрөмжөөс хэрэгцээтэй авч болох зүйлсийг нь аваад хэрэглээнд оруулан өөр машин болгон угсарч, хонины хотынхоо хог хөрзөнгөө тээж буулгах хэрэгцээнд оруулж, хог хөрзөнгөө цэвэрлэж тээх ажлыг ганц хүн хоромхон зуур биелүүлдэг болов.

70-аад онд хэрэглэж байсан хонь хайчлах машин хайч хэрэггүй болж, агуулахад нь хаягдаад нэлээд олон жил болоод байжээ. Нэг өдөр Хосын нүдэнд өртсөнөөр дахин "ажилд оржээ". Тэрээр энэ машины 380 вольтын цахилгаан хэрэглэдэг байсныг нь 220 вольт болгон өөрчилж, хутгыг нь засан хэрэгцээнд оруулснаар 700 хургыг хоёр хүн нэг л өдөрт хайчлах болж, хурга зөөж өгдөг хүмүүс нь завдахгүй сандардаг гэнэ.

 

 

Хонины дулаан саравчны дээвэр нурууг хөнгөн төмрөөр гагнаж битүүлснийг нь хараад “Үүнийг бас өөрөө гагнадаг уу” гэж сонирхон асуухад “Бусдын хийсэн зүйл санаанд таарахгүй юм” гэж хариулж байв.

Хог хаягдал түлхэж хутган цэвэрлэдэг "Тэмээн хүзүү”-тэй машины дөрвөлжин халбаганыхаа ирмэг дээр хоёр сэрээ угсарсан нь хонь малдаа тавих боолттой өвсийг хатган өргөдөгт байжээ. Боолттой өвс нь 250 кг жинтэй болохоор энэ аргыг бодож олсон байна.

Гурван дугуйтай болж өөрчлөгдсөн бартаат замыг туулах мотоцикл гэрийн үүдэнд эзнээ "гайхуулан" зогсоно. Асуухад элсэнд явахад өөрийн давуу талтай гэв.

Алтан гартай хүн болохоор Хосыг багийнхан нь зүгээр суулгадаггүй. Багийн ойролцоо цас орж зам хаагдахад трактортайгаа томилогддог. Өнгөрсөн өвөл багийнхаа гол замын цасыг хагалж зам нэвтрүүлэхэд нийт 176 цаг ажилласан гэдэг.

Өвс хадах, боодоллох, тээж буулгах машиныг иж бүрэн болгосноор малынхаа өвөл хаврын өвсийг бэлчээрээсээ хадаж хураахад ажлыг бүгдийг өөрөө хийнэ. Бусад айл намрын хадландаа хөдөлмөр хүч энэ тэр гээд 100 мянган юанийн зардал гаргадаг бол Хосынх 20 мянган юанийн зардал гаргадаг гэсэн. Энэ нь яахын аргагүй механикжсаны ач тус. Ингэж зардлыг хэмнэж байгаа нь ядуурлыг бууруулах бас нэгэн арга зам юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122853419