Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг тэргүүлэх байранд тавина
2019-01-04 10:16:00 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан хийсэн Хөдөө тосгоны тухай Хятадын төв засгийн газрын хурлаар 2019, 2020 оны үндэсний хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачидтай холбоотой ажлын заавал биелүүлэх үүрэгт анхаарал хандуулжээ. Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг үргэлжлэн тэргүүлэх байранд тавьж, хөдөө тосгоны өөрчлөлтийг гадаад дотоод нөхцөлд зохицуулах талаар шинэ шаардлага дэвшүүлсэн нь Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтад шинэ алхам хийхэд түлхэц болно гэж засгийн газрын албантушаалтад үзэж байна.

2019 он бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, эхний зуун жилийн зорилтоо биелүүлэх чухал жил юм. Тус хурлаар Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг тэргүүлэх байранд тавихаа баримталж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегиа гүнзгийрүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцад заавал биелүүлэх үүргийг улам тодорхой болгох хэрэгтэй. Ядуурлаас ангижруулах нь Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын үндсэн зорилго юм гэжээ.

Хуралд Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Хань Чанфү 2019 оны ядуурлаас ангижруулах ажлын гол талыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ:

"Ядуурлаас ангижруулах ажлын гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хатуу хяналт тавьж, бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажилд идэвхтэй оролцон, бодлогын хэрэгжилтийг цаг тухайд нь хянаж удирдах хэрэгтэй. Ажил төрлийн салбарын хөгжилд түшиглэн ядуурлаас ангижруулахыг дайчилж, ТӨЗО, Юньнань, Сычуань, Хөхнуур, Ганьсү зэрэг муж, өөртөө засах орны түвд үндэстэн төвлөрөн суурьшсан бүс, ШУӨЗО-ны өмнөд нутгийн дөрвөн жөү, Сычуань мужийн Ляншань жөү, Юньнань мужийн Нүжян жөү, Ганьсү мужийн Шя жөү зэрэг онц ядуу бүсийн иргэдэд анхаарал тавьж, эдийн засгийн шинэ цогцуудыг бэлтгэхээ эрчимжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг холбож, технологийн боловсон хүчний үйлчилгээг эрчимжүүлэн, ядуурлаас ангижруулах ажилд нэгэнт гаргасан амжилтаа бэхжүүлж, дахин ядуурахаас сэргийлэх хэрэгтэй. Ядуурлаас ангижруулах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг сайтар холбох тухай арга бодлогыг идэвхтэй судлах хэрэгтэй” гэжээ.

Хурлын ажлын хуваарийн дагуу, хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчныг засаж сайжруулах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, жорлон, хог хаягдал, бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, хөдөө тосгоныг өөрчлөн сайжруулах, үндэсний үр тарианы аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашигтай хангамжийг баталгаажуулах, хөдөө тосгоны газар эдэлбэрийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хөдөө тосгоны тохижилтын төлөвлөгөөг эрчимжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэн, орчин тойрон, олон нийтийн үйлчилгээний дутагдлыг даруй нөхөх зэрэг нь 2019, 2020 оны хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад зориулсан ажлын заавал биелүүлэх үүрэг юм.

Ирээдүйд Хятад улс ядуусын хоол хүнс, хувцас, боловсрол, үндсэн эм эмчилгээ, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулах юм. Төв засгийн газрын ажлын хурлаар, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээний дутагдлыг нөхөж, хоол хүнс, хувцас, боловсрол, үндсэн эм эмчилгээ, орон сууцны аюулгүй байдал зэрэг гол асуудлыг сайтар зохицуулах хэрэгтэй гэжээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Чэнь Чяньхэнгийн үзэж байгаагаар, эм эмчилгээний үйлчилгээ хамгийн чухал үүрэгтэй юм байна. Тэрээр хэлэхдээ:

"Өнөөгийн байдлаас үзвэл хоол хүнс, хувцасны асуудлыг үндсэнд нь зохицуулсан. Харин өвчин эмгэгээс болж ядуурах асуудал харьцангуй их байна. Гол нь өвчин эмгэгийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж буй хүмүүсийн эмчилгээний зардлыг улсаас гаргуулж өгөх хэмжээг нэмэгдүүлэх асуудал юм. Мөн засгийн газраас ядуу иргэдэд бизнесийн чанартай эмчилгээний нэмэлт даатгал худалдан авч өгөх хэрэгтэй” гэжээ.

Хөдөө тосгоны шинэ ээлжийн өөрчлөлтийн бодлогыг судалж хэрэгжүүлэх нь энэ удаагийн ажлын хурлын гол агуулгын нэг байлаа. Хурлаар, хөдөө тосгоны өөрчлөлтийг бүх талаар ахиулж, газар эдэлбэрийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуй эрхлэх арга хэлбэрийн хувьд шинийг санаачлах, дэмжих, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Хань Чанфү онцлохдоо: Хөдөө тосгоны орон сууцны газар эдэлбэрийн тогтолцооны өөрчлөлтийг болгоомжтой ахиулах хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Өнөөгийн гаргасан амжилтад суурилан, туршиц өөрчлөлтийн цар хүрээг тэлж, хөдөө тосгоны орон сууцны газар эдэлбэр, тариачдын орон сууцны эзэмшлийн эрхтэй нийцэх үр ашигтай арга замыг олох хэрэгтэй. Хөдөө тосгоны орон сууцны газар эдэлбэрийн менежментийг эрчимжүүлэх тухай бодлогын чанартай баримт бичгийг даруй боловсруулж, холбогдох ажлын механизм байгуулан, 2020 оноос өмнө орон сууцны газар эдэлбэрийн эзэмшлийн эрхийг бүртгэж, шинээр гэрчилгээ олгох ажлыг үндсэнд нь дуусгавар болгох хэрэгтэй” гэжээ.

Төв засгийн газрын ажлын хурлын хуваарийн дагуу, Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачидтай холбоотой ажлыг сайтар хийхдээ тариачдын идэвх, үүргийг гүйцэд дайчилна. Хятадын НШУА-ийн Хөдөө тосгоны хөгжлийн судалгааны хүрээлэнгийн Макро судалгааны тасгийн эрхлэгч Дан Гүө-Иний үзэж байгаагаар, энэ нь тариачдын хүртээмж, аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны мэргэшсэн түвшинд хөгжих зайлшгүй шаардлага болох юм байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123943450