Тел Авивт Олон улсын хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэн гарчээ
2018-05-11 16:06:45 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

5-р сарын 8-10-нд Тел Авивт Олон улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн ХХ үзэсгэлэн нээгдэв. Энэ бол олон улсын хөдөө аж ахуйн технологийн салбарын чухал үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Израйль, Итали, Испани, Орос, Тайландын хөдөө аж ахуйн технологийн маш олон компани оролцож, Хятадын Юньнань, Хайнань зэрэг муж үзэсгэлэнгийн тусгай лангуу ажиллуулжээ. Энэ тухай ХОУР-гоос Иерусалимд суугаа сэтгүүлч Сүнь Линли мэдээлж байна.

Израйль улс Олон улсын хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэнг 3 жилд 1 удаа зохион байгуулдаг. Энэ оны үзэсгэлэн хэмжээгээр том, Тел Авивын Үзэсгэлэнгийн төвд үзэсгэлэнгийн 3 том танхим нээж, танхимын гадна мөн үзэсгэлэн гаргажээ. Шинэ компаниудад зориулсан үзэсгэлэнгийн танхимд хүмүүс нэгэн нисэгчгүй нисэх төхөөрөмжийн дэргэд бөөгнөрөн сонирхож буйг сэтгүүлч ажиглажээ. Энэ бол Израйлийн компани Хятад улсаас Да Жян нисэгчгүй нисэх онгоц худалдан авч өөрчлөн шинэчилсэн төхөөрөмж юм. Тус төхөөрөмжид тариалангийн хор шүршигч систем угсарч, нисдэг тэргээр хор шүршдэг байсныг орлуулсан тул хүч хөдөлмөр, зардал, цаг хугацааны хувьд ихээхэн хэмнэлтэй болжээ. Үр тарианы үзэсгэлэнгийн танхимд Израйлийн үр, хөдөө аж ахуйн төслийн алдарт SOLI компанийн үзэсгэлэнгийн лангуунд улс орнуудын төлөөлөгчид олноор очиж, Африк, Энэтхэг, Хятадын бизнесмэнүүд тус компанийн улаан лоолийн үрийг ихэд сонирхож байлаа.

SOLI компанийн захирал Исак Либрих: Хятад хүмүүсийн амьдралын түвшин дээшлэхийн хэрээр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарт улам их анхаардаг болж, Хятадын засгийн газар хөдөө аж ахуйг тун чухалчилж байна. Хятад улстай хамтран ажиллах “алтан үе” ирээд байна гэжээ.

“Хятадын хөдөө аж ахуйн зах зээл асар том, одоо бага оврын фермээс том оврын ферм байгуулах дэвшил гарч, бүтээгдэхүүний чанар нь улам сайжирч байна. Хятадын засгийн газар хөдөө аж ахуйг чухалчлах боллоо. Бидний хувьд энэ бол маш сайхан боломж. Бид туршлага, технологидоо зохицуулалт хийж, Хятадын хэрэгцээнд нийцүүлж болох юм.”

Юньнань мужийн Тариалангийн үрийн корпорацын Нужян охин компанийн захирал Лан Фэнжүнь: Бид Израйльд анх удаа ирж үзэсгэлэнд оролцсон бөгөөд Израйлийн хүнсний ногооны шилдэг соортыг Хятадад оруулахыг хүсэж байна гэжээ.

“Дотоодын хүнсний ногооны төрөл зүйл, ургац, амт чанар, органик гээд олон талаар 20 жилийн өмнөхөөс ихэд сайжирсан. Гэвч өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад их ялгаа бий. Манайх бол төрийн өмчит компани. Израйльд ирж хөдөө аж ахуйн тариалангийн үр, хөдөө аж ахуйн нөөц, машин механикийн талаар ямар ямар тэргүүний техник байгааг үзэхээр ирсэн. Бид хамтын ажиллагааны харилцаа тогтоож болох юм.”

Хайнань мужийн Чинжүүний нийгэмлэгийн тэргүүн Чэнь Кэбо хоёр компанийн төлөөлөгчтэйгээ тус үзэсгэлэнд анх удаа лангуу ажиллуулжээ. Хайнань мужийн чинжүүний тариалалтын талбай Хятад улсын чинжүүний нийт тариалалтын 95 хувийг эзэлдэг. Дэлхийн улс орнуудад чинжүүний хэрэгцээ асар их бий. Хайнань муж АНУ, Европт жил бүр 5000 тонн чинжүү экспортлогддог. Энэ удаа Израйлийн хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэнд оролцсон нь Хайнань мужийн компаниудад ихээхэн боломж нээнэ гэж тэр ярьж байлаа. “Хятад улс Хайнанийг чөлөөт худалдааны бүс болгоно хэмээн мэдэгдсэн учраас Хайнань заавал гадагшаа хөгжих ёстой. Гадагшаа хөгжиж чадвал бид гадны ертөнцтэй уялдаж, бидний бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх нэр нөлөө өргөжиж, бидний брэнд гадагшаа танигдах суурь болох юм. Израйлийн чинжүүний хэрэглээ их. Саяхан Израйлийн хэдэн компани ирж манай бүтээгдэхүүнтэй танилцан, ихэд сонирхож байна. Бид ч гэсэн сайн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна.”

Хайнань мужийн био технологийн Шэнтан ХХК-ын захирал Ван Шаолэй: Хайнань муж эрүүл арал, ногоон арал болгон бүтээн байгуулах гэж байгаа тул эрүүл мэндийн аж үйлдвэрлэлийг Хайнань муж чухалчилж байгаа юм. Эрүүл хүнсний ажил төрөл тусгайлан эрхэлсэн компанийн хувьд гадагшаа хөгжихийг хүсэж байна гэжээ.

“Хайнань мужийн захиргааны уриалгаар бид гадагшаа илүү хөгжиж, олон улсын зах зээлтэй мөр зэрэгцэн, манай улам олон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл, олон улсын өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. Бид хэдийгээр Израйльд ирсэн ч энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн олон орны бизнесмэн ирснийг харлаа. Тэд манай бүтээгдэхүүнийг анхаарч, хамтран ажиллахыг хүсэж байна. Бид буцаж очсоны дараа даруй хэрэгжүүлж, энэ боломжийг хамтын ажиллагааны үнэн бодит үр дүнд хүргэх болно.”

Израйлийн ГХЯ-ны Зүүн Хойд Азийн хэлтсийн дарга Omer Caspi: Хятадын компаниудын ийм өргөн цар хүрээтэй төлөөлөл анх удаа Израйлийн хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэнд оролцсон нь Израйль, Хятад хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа маш их ирээдүйтэй гэдгийг харууллаа гэжээ.

“Өнгөрсөн онд Хятад, Израйль хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хоёр дахь үе шатандаа орж байна. Хэдэн зуун Хятад хүн үзэсгэлэнд ирж, Израйлийн тэргүүний технологитой танилцаж байгааг харлаа. Одоо Израйлийн олон компани Хятадын компаниудтай хамтран ажиллаж байна. Голдуу хүнсний аюулгүй байдал, ус хэмнэх усжуулалт зэрэг салбарт хамтарч байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагаа улам эрчимжиж, хэтийн төлөв өргөжих болно.”

Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны мэргэжилтэн Жан Жунчю: Хятад, Израйль хөдөө аж ахуйн салбарт харилцан нөхөх тал ихтэй, хоёр тал хамтын ажиллагаа, харилцаагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэжээ.

“Хятад, Израйль хоёр хөдөө аж ахуйн салбарт маш олон талаар харилцан нөхөх талтай, ялангуяа Израйлийн ус хэмнэх усжуулалтыг хөдөө аж ахуй, Хятадын баруун хойдын нутгийн эрэлт хэрэгцээнд их нийцнэ. Биологийн үржил, хортон шавжаас сэргийлэх талаар хамтран ажиллах хэтийн төлөв их бий. Харилцаа солилцоо, компани хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Израйлийн тэргүүний технологийг Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оруулж ирэх ёстой. Хятад улс одоо хөдөө аж ахуйг орчин үеийн болгож, дараачийн шатанд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх тул хөдөө аж ахуйн технологийн дэвшил шаардлагатай байна.”

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001122816820