“Хоёр чуулган”-ы юунд илүү анхаарал хандуулж байна вэ?
2019-03-06 17:40:08 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

"Хоёр чуулган"-ы юунд илүү анхаарал хандуулж байна вэ?

1. ДНБ-ний өсөлтийг 6-6.5 хувьд байлгана

Энэ сарын 5-нд Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайланг тайлагнахдаа 2019 онд Хятадын ДНБ-ний өсөлтийг 6-6.5 хувьд байлгана хэмээн тооцоолж байна гэжээ.

Энэ зорилтоо биелүүлэхийн тулд Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлого хэрэгжүүлж, ажил олголтыг тэргүүн байранд тавих бодлого, бодлогын зохицуулалтаа бэхжүүлж, эдийн засгийн хэвийн хөгжлийг баталгаажуулан, эдийн засаг, нийгмийн эрүүл хөгжлийг эрчимжүүлэх юм.

2. Ажил олголтыг анх удаа макро бодлогод хамруулав

Энэ сарын 5-нд Хятадын дээд эрхт байгууллагад хянан хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн Засгийн газрын ажлын тайланд ажил олголтыг тэргүүн байранд тавих бодлого хэрэгжүүлнэ хэмээн дурджээ. Энэ жил ажил олголтыг анх удаа макро бодлогод хамруулсан нь ажил олголтыг бүх талаар чухалчлан дэмжих зорилготойг тус тайлан онцлон харууллаа.

2019 онд Хятадын хот суурингийн 11 сая гаруй иргэнийг шинээр ажлын байртай болгож, хот суурингийн бүртгэгдсэн ажилгүйдлийн хэмжээг 5.5 орчим хувьд байлгах юм.

3. Татварыг ихээр бууруулна

Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлаа тайлагнахдаа энэ онд Засгийн газар татварыг их хэмжээгээр бууруулж, боловсруулах үйлдвэрлэлийн салбар, бичил аж ахуйн нэгжийн татварын дарамтыг хөнгөлөхийг чухалчилна гэжээ.

Боловсруулах үйлдвэр зэрэг салбарын 16 хувийн нэмүү өртгийн татвар авч байсныг 13 хувь болгон бууруулж, зам тээврийн салбар, барилга байгуулалтын салбар зэргээс 10 хувийн нэмүү өртгийн татвар авч байсныг 9 хувь болгон, гол гол салбарын татварын дарамтыг илэрхий хөнгөлөх юм байна.

Аж ахуйн нэгжийн дарамтыг бууруулах талаар тайланд дурдахдаа энэ онд үйлдвэрийн салбарт хэрэглэх цахилгааны өөрийн өртгийг бууруулж, аж үйлдвэр, худалдааны салбарт хэрэглэх цахилгааны дундаж үнийг 10 хувиар бууруулна. Хоёр жилийн дотор Хятадын хурдны авто замын муж хоорондын хураамжийн цэгийг үндсэндээ татан буулгана гэжээ.

4. Хөдөө тосгоны ядуу буурай хүн амыг 10 саяар бууруулна

Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа энэ онд Хятадын хөдөө тосгоны ядуу хүн амыг 10 саяар бууруулна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 2019 оны Хятадын ядуурлыг бууруулах ажилд, туйлын ядуу бүс нутгийн ядуурлыг бууруулах ажил, ядуу бүс нутгийн өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихээ эрчимжүүлэх, ядуу бүс нутгийн сурах насны хүүхдийн сургуульд орох асуудлыг зохицуулах, их дээд сургуульд хөдөө тосгон, ядуу бүс нутгаас оюутан элсүүлэхийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ багтсан байна.

5. Бохир хийн ялгаруулалтыг бууруулна

Засгийн газрын тайланд энэ жил бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлаа үргэлжлүүлнэ. Хятад улс энэ жил хүхрийн давхар исэл ба азотын исэл ялгаралтыг 3 хувиар, чухал бүс нутгийн нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын хэмжээг бууруулна гэжээ.

Хятад улс энэ жил Бээжин, Тяньжинь, Хэбэй болон эргэн тойрны бүс нутаг, Хөх мөрний бэлчир зэрэг бүсийн агаарын бохирдлыг засаж, үйлдвэр, нүүрсний утаа, машины бохир хий хэмээх гурван эх үүсвэрийг засна. Ус, хөрсний бохирдолд анхаарал тавьж, бохир усыг цэвэршүүлж, том гол мөрөн, тэнгисийн бохирдлыг засна. Мөн хатуу хог хаягдал, хотын хог хаягдлыг ялгах, устгах ажлыг сайжруулах юм байна.

6. Хөгжлийн орчныг улам сайжруулна

Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлаа тайлагнахдаа хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчныг улам сайжруулж, төрийн өмчлөлийн бус эдийн засгийн хөгжлийг дэмжих буюу удирдан дагуулж, өрсөлдөөний дундаж зарчмын дагуу боломж олгох, зах зээлд орох зөвшөөрөл, эрхлэлтийн ажиллагаа, засгийн газрын худалдан авалт, тендерт оролцох зэрэг талаар олон төрлийн өмчит аж ахуйн нэгжид эрх тэгш хандана. Захиргаа, бизнесийн шинэ хэлбэрийн шударга харилцааг байгуулж, засаг захиргаа хийгээд аж ахуйн нэгжийн харилцаа холбооны механизм бүрдүүлэн, аж ахуйн нэгжийн эздийн үзэл санааг идэвхжүүлж, хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлнэ. Өмчлөлийн эрх хөдөлшгүй бат бэх байхыг хамгаалж, эрхэнд халдсан ажиллагааг хуулийн дагуу шийтгэн, хилс хэргийг заавал залруулдаг болно. Бизнес эрхлэлтийн шилдэг орчныг хичээн бүрдүүлж, аж ахуйн нэгжийн эзэд амар тайвнаар ажил төрлөө эрхлэхийг баталгаажуулна гэжээ.

7. Илүү олон салбарыг нээлттэй болгоно

Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа энэ жил зах зээлд орох боломжийг улам өргөтгөн, гадаадын хөрөнгө зах зээлд орох сөрөг жагсаалтыг хумьж, улам олон салбарт гадаадын хөрөнгө дангаараа хөрөнгө оруулагчдын аж ахуй эрхлэхийг зөвшөөрнө хэмээжээ.

Тэрээр Хятад улс чөлөөт худалдааны туршиц бүсэд өөрчлөлт, инновацийн улам бие даасан эрх олгож, Шанхайн чөлөөт худалдааны бүсэд шинэ цэг байгуулан, Хайнаний чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт байгуулах судалгаа хийнэ гэжээ.

8. Аж ахуйн нэгжийн тэргүүлэх үүргээ гүйцэтгэнэ

Энэ сарын 05-нд Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах явцад Хятад улс хамтдаа зөвшилцөж, хамтдаа байгуулан, хамтдаа ашиглах байр суурийг баримталж, зах зээлийн зарчим, олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөн, аж ахуйн нэгжийн тэргүүлэх үүргийг гүйцэтгэнэ гэжээ.

Тэрээр Хятад улс дэд бүтцийн холболтыг дэмжиж, олон улсын үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Мөн "Нэг бүс- Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтыг сайтар зохион явуулж, гадаадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эрүүл, дэг журамтай хөгжлийг цаашид дэмжинэ хэмээн онцолжээ.

9. Худалдааны маргааныг зөвшилцлийн журмаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ажлын тайланд Хятад улс цаашид эрх тэгш, зөвшилцлийн журмаар худалдааны маргаанаа шийдвэрлэхийг эрхэмлэн, амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаална гэжээ.

Тайланд Хятад улс эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг гуйвшгүй хамгаалж, энэ онд Хятад улс чөлөөт худалдааны бүсийн сүлжээний байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн эдийн засгийн түншийн харилцааны иж бүрэн гэрээ, БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс, БНХАУ, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээг үргэлжлэн ахиулна гэжээ.

10. Боловсролын зардал ДНБ-ий 4 хувийг эзэлж байна

Энэ сарын 5-нд Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа хөгжихөд шударга, чанартай боловсрол маш чухал. Энэ онд санхүү бэрхшээлтэй байсан ч улсын санхүүгээс гаргах боловсролын зардал мөн л ДНБ-ий 4 хувийг эзэлнэ. Төвлөрсөн төсвөөс боловсролд нэг их наяд юань санхүүжүүлнэ гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124198736