Малчидтай холбоотой санал олныг дэвшүүлэв
2019-01-29 16:32:37 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль, Б.Сарантуяа, Бай Линди \ Энэ сарын 26-30-ны өдрүүдэд Хөх хотноо болж буй ӨМӨЗО-ы 13 дахь удаагийн АТИХ-ын II хуралд оролцож байгаа төлөөлөгчид өчигдөр үдээс өмнө болсон хоёрдугаар бүгд хурлын ажлын тайлангийн хүрээнд ярилцаж санал санаачилга дэвшүүлэв.

Улаанцав хот, Хянган аймгаас оролцож буй малчин төлөөлөгч Билгээ, Урантогос нар дараах саналыг дэвшүүлж байв. Тодруулбал, Хянган аймгийн төлөөлөгч Билгээ нь Хорчин баруун гаран өмнөд хошуугаар нутагтай. Тус хошууны МАА эрхэлдэг гурван сумын нийт талбайн хэмжээ 7935 кв.км, үүнд 4047 кв.км-т нь сүлжээ муу барьдаг. Өөрөөр хэлбэл, тэндхийн 1900 өрхөөс 1300 гаруй нь сүлжээгүй буюу сүлжээ муу барьдаг хэмээн бүртгүүлсэн байна. Сүлжээ сайн барьдаггүйгээс болж тус нутгийн аялал жуулчлал, цахилгаан холбоо тааруу, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжихгүй, ядуурлыг бууруулахад саад болж буй. Иймд зургаан чиглэлээр дээрх хүндрэлийг арилгах боломж байна гэж тэрээр харж байна. Нэгд цахилгаан холбооноос тус бүс нутгаар сүлжээ нэвтэрч байгаа эсэхэд шалгалт явуулж, сүлжээгүй болон сүлжээ сайн барьдаггүй газрыг бүртгэх. Хоёрт бодит байдлыг үндэслэн сүлжээ дамжуулах цэг байгуулах. Гуравт бүх хошууны аялал жуулчлалын ажил байдалтай уялдуулан аялал жуулчлалын газар, жуулчны баазад нэн тэргүүнд сүлжээ нэвтрүүлэх. Дөрөвт Засгийн газраас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж сүлжээ дамжуулах цэг босгох ажлыг дэмжих. Тавд Засгийн газраас тоног төхөөрөмжөөр хангах, цахилгаан холбооны байгууллага болон холбогдох байгууллагуудтай энэ тал дээр тохиролцох ажлыг хийх. Зургаад сүлжээ дамжуулах цэгийн хамгаалалтын ажлыг сайтар хангаж, энэ талын ухамсрыг дээшлүүлэх явдал юм.

Улаанцав хотын төлөөлөгч Урантогосын хувьд, уг хотын Цахар баруун хойд хошууны нутаг бэлчээрийн талбай бага, төрийн бодлогын чанартай нөхөн олговор харьцангуй цөөн, малчдын орлого хангалтгүй байгаа тул сүүлийн жилүүдэд өр зээлэнд орох нь олширч байна. Энэ тал дээр анхаарч, малчдад олгож буй зээлийн хүүг бууруулах, үхэр хонины махыг зах зээлд гаргах, үхэр хонины махны хамгийн доод баримжаат үнийг тогтоож, үнийн хэлбэлзэлтийг багасгах зэрэг малчдын амьдрал ахуйтай холбогдсон сэдвээр санал дэвшүүлэв.

Бэлтгэсэн нь:Х.Үзэсгэлэн

010070230040000000000000011120701124059817