Грекийн олон салбарынхан Ши Жиньпин даргын айлчлалыг өндрөөр үнэлж байна
2019-11-13 17:05:36 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Афины энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жэн Жянхуа, Юй Шуайшуай \ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 10-12-ны өдрүүдэд Грек улсад айлчлах үеэрээ Грекийн удирдагчтай хоёр талт харилцаа, хамтын ашиг сонирхол бүхий олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, өргөн хэмжээнд ойлголтоо нэгтгэв.

Тиймээс Грекийн олон салбарынхан Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалыг Грек, Хятадын харилцааны шинэ хуудсыг нээсэн айлчлал боллоо хэмээн өндрөөр үнэлж байна.

Грекийн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Жорж Верникос, “Грек, Хятадын харилцаа нь хоёр орны ард түмний гүн зузаан нөхөрлөл, түүхэн харилцаан дээр суурилсан бөгөөд орчин цагт хоёр орны худалдаа, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаан дээр тулгуурлаж байна. Энэ удаа хоёр тал санхүү, эрчим хүч зэрэг салбарт хамаарах олон тооны хэлэлцээрийг батлав. Энэ нь Грек, Хятадын хамтын ажиллагаа тогтвортой, ирээдүйтэй гэдгийг илтгэж байна. Хоёр орны хамтын ажиллагаа нягт байх нь хоёр улсын ард түмэнд нэн ашигтай” гэлээ.

Грекийн Европ болон гадаад бодлогын сангийн тэргүүн Лукас Чукалис, “Грек, Хятад хоёр улс адилхан өнө эртний уламжлалтай бөгөөд бахдам сайхан түүх соёлтой билээ. Эдүгээ хоёр орон найрсаг харилцаатай байж, худалдаа үйлчилгээ, эдийн засаг, соёл урлаг зэрэг салбарт нягт харилцаа тогтоожээ. Ши Жиньпин дарга Грект айлчилсан нь хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг эрчимжүүлсэн төдийгүй хоёр орны хүсэл сонирхолд нийцсэн явдал боллоо. Грекийн тал Хятад зэрэг хөгжиж буй зах зээлийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг маш их хүсэж байна” гэв.

Чинхуа их сургуулийн “Нэг бүс-Нэг зам” стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Василис Триггас, Ши Жиньпин даргын “Ажил хэрэгч хамтын ажиллагаа ба соёлын яриа хэлэлцээний чиглэлээрх иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлье” гэсэн санаачилгыг сайшаагаад, “Грек, Хятад хоёр улс олон улсын хүрээнд соёлын яриа хэлэлцээг санаачилж байгаа нь дэлхийн энх тайван, хамтын ажиллагаанд ашигтайгаар тусна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүд Грект судалгааны төв байгуулж буй нь Грекийн эдийн засгийн хөгжилд ашигтай юм” гэсэн бол Грекийн Аттика тойргийн дарга Жорж Патурис, “Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг улам эрчимжүүллээ. Аттика тойргийн захиргаа Пирейсийн боомтын төслийг дэмжих болно” хэмээв.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125227799