Тайландын агуйд хашигдсан 13 хүнийг аврагчид эсэн мэнд гаргав
2018-07-11 11:16:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тайландын Чан Райгийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Чэнь Жябао, Мин Дажюнь\ Тайландын Чан Райгийн агуйд хашигдаад байсан өсвөрийн хөл бөмбөгийн багийн 4 гишүүн болон дасгалжуулагчийг олон улсын аврах багийнхан өчигдөр эсэн мэнд гаргаснаар аврах ажиллагааг өндөрлүүллээ.

Тайландын 11-16 насны 12 хүү, нэг дасгалжуулагчийн хамт өнгөрсөн сарын 23-нд Үндэсний хүрээлэнгийн уулын агуйд ороод сураг тасарсан. Тэдгээр хүүхдүүдийг 10 хоног хайсны эцэст энэ сарын 2-ны өдрийн орой агуйн амсраас 4 км-ын зайд байгааг олж тогтоон, 8-ны өдрөөс аврагчид гурван бүлэгт хуваагдан аврах ажиллагааг явуулж эхэлсэн.

Олон улсын агуйн усанд шумбагч 19 мэргэжилтэн, Тайландын далайн цэргийн авралтын багийнхны хамт өчигдөр агуй руу орж хамгийн сүүлийн 5 хүнийг гаргасан юм. Аврах ажиллагааны арын албанд Хятад, АНУ, Австрали зэрэг орны 100 гаруй ажилтан хүчилтөрөгч болон бусад шаардлагатай эд зүйлээр хангаж ажиллалаа гэж Тайландын авран туслах байгууллагын албан тушаалтан ярив.

Тухайн өдөр гаргасан 5 хүний эрүүл мэндийн байдал сайн байгаа бөгөөд үүний өмнө гаргасан 8 хүүхэд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн, мөн биеийн байдал сайн байгаа гэж Тайландын авран туслах багийн гишүүн ярилаа. Тэдгээр хүүхдүүд болон дасгалжуулагчийг эмнэлэгт багадаа 7 хоног тусгай эмчилгээнд хамруулах юм байна.

Хүүхдүүдийн хашигдсан агуйн нийт урт нь 10 км, дотор талдаа энхэл донхол ихтэй бөгөөд ид борооны улирал таарсан тул агуйд ус тунаж, шавар шавхай хурж үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан, үүний зэрэгцээ хүчилтөрөгч дутагдаж хэт ядарснаас аврах ажиллагаанд оролцож байсан Тайландын нэгэн усан цэрэг энэ сарын 6-нд амь эрсдсэн байна. Энэхүү аврах ажиллагаа маш хүнд бөгөөд аюултай нөхцөлд болж өнгөрлөө гэж Хятадын агуйн усанд шумбах мэргэжилтэн хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123099756